sonin.mn

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизээс зохион байгуулсан “Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны тэргүүн байр эзэлсэн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу ээж ээ?

Хүү нь 70 нас хүрч, та минь 100 нас хүрч байна. Цагаан сараар тань дээрээ очиж золгож үнсүүлэхэд сайхан байсан. Би аав, ээжийгээ баярлуулна, жаргаана гэж омог бардам явлаа. Миний залууд та минь үр хүүхдүүд бидэндээ байгаа бүхнээ зөөсөөр өтөлж дээ. Ээж ээ 1950-иад онд бид нар жаахан ч байж, хоймороор зулаад унтдаг байж билээ. Хоолоо идчихээд ходоод цатгалан болохоор бие биенээ өдөж шуугилддагсан. Таны чанасан цай ямар сайхан амттай, гэдэс цатгалан байлгадаг байсан юм бэ?  Хачир чимэг нь шагайн чинээ тос, өөх, сүүл байсан биз дээ.

1960-аад онд аав та хоёр, одоо амьдралаа бод цэрэгт яв гээд барилгачин байхад дуудаад өвөл нь “Өрнөлт” нэгдлийнхээ малыг төллүүлж байсан. Хаврын тэнгэр гэнэт муухайрч  шуурч эхлэхэд "Нарийн" өгсөөд үхрээ гүйцэж явтал шуурга ширүүсч морины чих үзэгдээд, хонь төллүүлж байхад норсон нойтон дээлийн зах руу цас чихээд хүзүү, чих даараад би биш үхэр, морь намайг замчилж явсан. Ээжийнхээ зааж өгсөн тарнийг уншаад явахад үхэр, морь саадгүй яваад Пүрэвням ахынд унтаж байхад аав минь өглөө орж ирээд юу ч дуугарахгүй сууж билээ. Хөөрхий дөө, аав минь. Харин ээж та минь гэрийнхээ наад хамар дээр сонин шатааж, сонингоо дуусгачихаад хуучин хувцсаа шатааж гэрэл гарган өөрөө осгох шахсан байж билээ. Аав, ээжийнхээ намайг хайрласан хайрыг улам бүр мэдэрсэн. Энэ мэт зүйлийг бичин суувал олон дурсамж бий.

Ээж ээ, амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг дээ. Алтан дотортой модон аяга байхыг би дэлгүүрээс харсан. Тань дээрээ авч очно оо. Хүү нь танд цай хийж өгнө. Ээждээ тус хүргэж чадаагүй, ачийг тань хариулж чадаагүй ч чихийг тань халууцуулаагүй дээ баяртай байна.

Ээж: Цэрэндуламдаа
Хүү: Чойдогсүрэнгээс