sonin.mn
Засгийн газар өчигдөр буюу энэ сарын 16-нд ээлжит хуралдаанаа хийж нөөцийн мах бэлтгэлийн 4 компанид олгох урамшууллын талаар хэлэлцжээ. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
 
Махны хомсдлыг бууруулж, эрэлтийг хангах үүднээс 2010 оноос эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нөөцийн мах бэлтгэх болсон. 2014 онд Дархан, Эрдэнэт хотод “Дархан мийт фүүд” болон “Эрдмийт” компани тус бүр 1000 тн мах бэлтгэсэн. Харин “Эи Эн Ди Эм” болон “Баатарууд тэнгэр” компани Улаанбаатар хотын нөөцийн махны менежрээр сонгогдож, тус бүр 6000 тн мах нөөцөлсөн. Засгийн газраас дээрх аж ахуйн нэгжүүдэд нөөцөлсөн махны кг тутамд нь 1000 төгрөг буюу 14 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ёстойгоос одоогоор 9.5 тэрбум төгрөгийг олгосон байна хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэллээ.
 
Тэрбээр, Дээрх урамшууллын мөнгийг нөөцийн мах бэлтгэлийн компаниуд эргэлтийн хөрөнгө болон зоорины түрээс болон мах борлуулах ажиллагаандаа зарцуулж, махны үнэ өсөхөөс урьдчилан сэргийлдэг. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар дээрх аж ахуйн нэгжүүдэд олгох 4.5 тэрбум төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулж, 2015 оны төсөвт нэмж суулгах үүргийг Сангийн сайдад өгсөн” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: