sonin.mn
Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он хүртэлх судалгаагаар нэмэгдэх хандлагатай байгааг томъёолсон. Тиймээс хоёр дахин нэмэгдсэн энэ хэрэглээг ямар эх үүсвэрээр хангах вэ гэдэг асуудал тулгарч буй юм. Үүнд хариулт өгөх “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт Гадаад Хэргийн яамны хурлын танхимд эхэллээ.
 
Тус уулзалт “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд болж байна. Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаач оролцож байна. Хурлын гол хэлэлцүүлэг эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2040 он хүртэлх Зүүн хойд Азийн Эрчим хүчний хэтийн төлвийг тодорхойлоход чиглэж байна.
 
Өнөө цагт уламжлалт цахилгаан станцууд гэхээсээ илүүтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад улс орнууд дөтөлж байгаа. Тэр утгаараа Монгол Улсын хувьд төв азийн цээжинд оршдог учраас сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтой юм. Салхины нөөцөөрөө Монгол Улс долоон гВт эрчим хүч буюу долоон атомын цахилгаан станцтай тэнцэхүйц хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдэг. Энэ нь 220 мянган га газрыг хамрах талбайд эрчим хүчийг түгээх боломж гэдгийг салбарынхан онцолж байна.
 
Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар ярихдаа, “Зүүн хойд азийн эрчим хүчний дундын механизмыг бий болгох асуудлыг ярилцаж байна. Манай улс салхи, нарны эрчим хүчний арвин нөөцтэй. Энэ нөөцийг ашиглаад дэлхийн ногоон хөгжлийн бодлогыг дэмжин зүүн хойд Азийн өндөр хөгжилтэй орнуудад их хэмжээний эрчим хүчний нөөцийг ашиглуулах боломж бий. Манай эрчим хүчний нөөц бол зөвхөн Монгол орны өмч биш юм. Энэ нөөц бол дэлхийд оруулж буй хувь нэмэр гэж хэлж болно. Ногоон хөгжлийн бодлогоор дамжуулан нар, салхиныхаа баялгийг хамтран ашиглая гэсэн асуудлыг хөндөж байна.  Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд баталсан. Үнэ тарифын хувьд цахилгаан станцуудын өртөгөөс хэд дахин өндөр байгаа. Түүнчлэн манай улс эдийн засаг гэхээсээ илүү геополитикийн хувьд зүүн хойд Азиуд дунд томоохон байр суурь эзэлж байна” гэлээ.
 
Дашрамд дурдахад Сэргээгдэх эрчим хүчний станцаар Голланд, Америк, Герман, Дани улс тэргүүлдэг байна. Эндээс туршлага авах боломжтой гэдгийг төлөөлөгчид хэлж байсан юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: