sonin.mn
Төв Азийн бүс нутаг хариуцсан зохицуулагч Кристина Лозано тэргүүтэй төлөөлөгчдийг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд хүлээн авч уулзлаа.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /CAREC/ хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор МХЕГ, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах юм.
 
“Бүс нутгийн эрүүл ахуйн хорио цээрийн тогтолцоог шинэчлэх замаар худалдааг дэмжих төсөл”-ийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд судалгааны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна.  Судалгааны баг энэ сард Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, харьяа лаборатори, Мал эмнэлэг, үржлийн газар болон Цагааннуур, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн ажилтай танилцан, дарга, улсын байцаагч, ажилтнуудтай уулзаж, судалгаа хийх юм.
 
МХЕГ-ын хувьд энэ төсөлд хамран хилийн боомтуудын барилга байгууламж, хяналт шалгалт, лабораторийн тоног төхөөрөмж, шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, улсын байцаагчийн үзлэг, шалгалтын багаж хэрэгслээ сайжруулахыг зорьж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр улсын хилээр нэвтрэх малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдах боломж бүрдэх юм. Засгийн газрын түвшинд дэмжлэг авсан энэ төслийг хэрэгжүүлэхийг хүсч буйгаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд илэрхийлэв.
 
Ж.Болор
Эх сурвалж: