sonin.mn
УИХ-ын эрхэм гишүүд гудамж цэвэрлэгч, эмнэлгийн хана тааз угаагч, захын худалдаачин, автобусаар ард түмэнтэйгээ зорчигч жирийн иргэн, хил дээр автомат үүрсэн харуул, хөдөө ямаа самнасан ноолуурчин болчихсон тууж явбал сонгууль алгуурхан ойртож байгаагийн нотолгоо мөн. Гурван жил гэгээн дүрээ харуулаагүй шахам тэд гэнэтхэн нэг өдөр “Цогоо гуайг цочоодог Хүрлээ” шиг дэвхрэн гарч ирээд хашааны чинь хогийг шүүрдэж, эвдэрхий машиныг чинь засах гээд ханцуй шамлан дайраад унавал сонгууль бүр хаяанд ирсний шинж гэж ойлгож болно.
 
 Зарим нэг нь толгойдоо алчуур зангидчихаад байшин барилгын цонх, хана таазыг хөлсөө урсган арчиж зүлгээд унах бол зарим нь жанжин малгай толгой дээрээ шовойлгочихоод хилийн хайчинд цагийн манаанд алхаад сүйд хийх шахна. Тэгвэл зарим нь хаа байсан хөдөө малчны хотонд очоод хаврын хавсарганаар хэдэн муу ямааг нь барьж аваад орилуулан, чарлуулсаар юу ч үгүй мулзлаад самначихна. 
 
Уг нь гайгүй төлөв томоотой харагддаг эрхэм гишүүн Ц.Даваасүрэнгийн хөлд гэнэтхэн хий орж хөдөө давхиж очоод ямаа самнаад сүйд хийж байгаа дуулдана. Гэнэтхэн зүгээр сууж чадахгүй болтол дотроос нь ямар нэгэн юм хатгаад байгаа Ц.Даваасүрэнг ашиглаад хүн бүл муутай, хөгшид голдуу ядмагхан айлууд хэдэн ямаагаа бариад уячихыг бодоорой. Яагаад гэвэл Ц.Даваасүрэн гишүүн ямаа самнахдаа ямар ч цахилгаан машиныг дагуулахгүй гэсэн шүү.
 
Эх сурвалж: