sonin.mn
Монголын баялгаар чимээгүйхэн хөлжиж өнөөдрийн тэрбумтнуудын эгнээнд зүй ёсоор бичигддэг нэгэн эрхэм бол яалт ч үгүй “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир. Эл эрхмийн хөрөнгө мөнгө, эд баялаг бүгд л монголын газар шорооноос улбаатай гэдгийг хүн бүхэн мэднэ.  Тэгвэл өнөөдөр хөрөнгө чинээгээрээ гайхагддаг энэ эрхмээс болж Өмнөговьчууд тогны гачаалд орж олон өдрийг харанхуйд тэмтчин өнгөрүүлж байна. 
 
Өөрөөр хэлбэл, “МАК” ХХК-ийн Нарийн сухайтын нүүрсний уурхайн ашигласан цахилгааны үнэ болох 1,8 сая юанийн төлбөрөөс болж “Ноён”, “Сэврэй”, “Гурвантэс” сумд, Хилийн цэргийн Овоотын отряд, “Шивээхүрэн” боомт зэрэг байгууллагууд одоог хүртэл ямар ч тоггүй байгаа юм. Эдгээр сумд БНХАУ-аас импортоор цахилгааны эрчим хүчээ хангадаг байсан юм. Уг нь дээрх төрийн байгууллагууд цахилгаан ашигласаны өргүй атлаа тус компанийн өрний асуудлаас болж ийнхүү аймаг сум, отрядаараа харанхуйд аж төрөх болсон тус аймгийн удирдлагуудыг ихээхэн хүндрэлд оруулаад байгаа аж. 
 
Уг нь Монгол Улсын Засгийн газар “Чинхуа-Мак-Нарийн сухайт” ХХК-тай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-ний 4.4-т “Нарийн сухайтын нүүрсний уурхайг эрчим хүчээр хангахдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Хилийн цэргийн Овоотын отрядыг цахилгаан эрчим хүчээр хангах өндөр хүчдэлийн шугам, дэд станцыг барьж байгуулах арга хэмжээ авах болно” гэж заасны дагуу “Чинхуа-МАК Нарийн сухайт” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж байх, 2010 оны нэгдүгээр сараас Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээний дагуу “Ноён”, “Сэврэй” сумдыг цахилгаан эрчим хүчээр хангаж байхаар гэрээлсэн байдаг байна. Гэтэл уул уурхайн компаниудын хоорондын үйл ажиллагаанаас болж тус улс нь Засгийн газар, аймаг орон нутагтай байгуулсан гэрээгээ зөрчжээ. 
 
Хуульд зааснаар бол орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нь үр ашгаа харуулж ажиллах ёстой атал эсрэгээрээ орон нутгийн иргэдийг ийнхүү хохироож байгаа нь харамсалтай юм. Энэ талаар тус аймгийн удирдлагууд “МАК” ХХК-нд шаардлага, хүсэлт хүргүүлсэн ч өнөөг хүртэл ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байгаа талаар албаны хүн мэдээллэсэн юм. Ямартай ч бүхэл бүтэн аймаг сумдыг хөлдөөх аюулд оруулаад байгаа “МАК” ХХК-нд ямар хариуцлага тооцох бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. 
 
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд Б.Нямтайширыг 21 тэрбумын ашиг олсон ч гурван тэрбум төгрөгийн татвар төлөхгүй хэмээн шүүхээр заргалдаж явсан түүх ч байдаг юм. Тодруулбал, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ынхан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч асан Н.Цэрэнчимэд, Ч.Бүтэдмаа нарын эсрэг зарга мэдүүж байсан түүхтэй. “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК тус компанийн хувь нийлүүлэгч Б.Нямтайширт шилжүүлсэн ногдол ашигт татвар тооцоогүй үндэслэлээр ногдуулсан 3.169.531.1 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээсэн юм. 
 
Ийнхүү хэвээр үлдээсэн төлбөр нь Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж байна гэсэн гомдлыг гаргаж байсан юм. Ямартай ч “Монгол Алт” компанийн захирал ноён Б.Нямтайшир хэмээх энэ эрхэмийн мэдэлд Монголын нүүрсний 40 хувь нь байдаг төдийгүй Өмнөговийн Нарийн сухайт, Дорноговийн Цагаан суварга зэрэг стратегийн гол, чухал ордуудыг эзэмшиж, хувььдаа онгоцтой, нисдэг тэрэгтэй энэ эрд бүхэл бүтэн Монгол Улсыг тоггүй болгох нь юу ч биш бололтой гэдэг нь дээрх үйлдлүүдээс харагдаж буй юм.
 
Ямартай ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, олон зуун ажлын байрыг бий болгож байгаа хэмээн өөрсдийгөө сурталчилдаг үндэсний томоохон компани нь нэг иймэрхүү л бодлого барьж байгааг харахад харамсалтай. Товчхондоо монголын нүүрсний зах зээлийн магнат болсон энэ эрхмийн балгаас болж хэзээ Өмнөговьчууд тогтойгоо золгож манайгаа тэнийлгэх бол доо. 
 
Эх сурвалж: