sonin.mn
МОСКВА. /fondsk.ru/. Олон улсын харилцаа болоод дэлхийн эдийн засагт гүйцэтгэх Монгол Улсын үүрэг нь юугаар тодорхойлогдох вэ? Энд тус улс Азийн цээжинд оршдог, зэс, нүүрс молибден, цагаан тугалга, гянт болд, алт зэрэг байгалийн баялгийн асар их хэмжээний нөөцтэй, Евразийн хоёр их гүрэн болох Орос, Хятадтай хиллэдэг зэргийг дурдаж болно. Мөн Монгол нь Суэцийн сувгаар дамждаг далайн замтай адил Европ болон Ази, Номхон далайн орнуудын хооронд хуурай замын тээврийн хэлхээ болж чадна гэдгийг дурдах хэрэгтэй.
 
ЗХУ задран унасны дараа 1990-ээд оны эхээр хүчирхэгжсэн Хятад болон ЗХУ-ын буурин дээр үүсэн бий болсон геополитикийн орон зайн хооронд хавчуулагдсан Монгол Улс нь “гуравдагч хөрш”-ийн үзэл баримтлалыг  гадаад бодлогынхоо чиглэл болгосон билээ. Орос болон Хятадын “уулзах газар” гэдэг геополитикийн утгаараа Монгол нь Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг илүү алслагдмал улсуудтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлснээр хоёр хөршийнхөө нөлөөг тэнцвэржүүлэх  нь энэ үзэл баримтлалын мөн чанар нь юм. Үүний сацуу “гуравдагч хөршийн” үзэл баримтлалд тусгаснаар Орос эсвэл Хятадын эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн холбоонд Монгол Улс оролцохгүй юм. Улсынх нь газар нутагт цэргийн баазынхаа сүлжээг байгуулах гэсэн Вашингтоны саналаас Монголын удирдлага олон жилийн турш татгалзсаар ирсэн билээ.
 
Харин АНУ-ын эрх баригчид “гуравдагч хөрш”-ийн үзэл баримтлалыг ашиглан Монголд ялангуяа тус улсын цэрэг-улс төрийн салбарт нөлөөгөө бэхжүүлэхийг оролдсоор байна. Монгол Улс Ирак, Афганистанд явуулсан АНУ-ын цэргийн ажиллагаанд бэлгэдлийн чанартай оролцож, 2003 оноос цэргийн мэргэжилтнүүдээ АНУ-д бэлтгэж эхэлсэн бол “Хааны эрэлд” хэмээх Монгол-Америкийн цэргийн хамтарсан сургуулилтыг  2006 оноос эхлэн жил бүр хийх болжээ. Үүнээс гадна америкчуудын тусламжтайгаар Энхийг сахиулах ажиллагааны бүс нутгийн сургалтын төвийг Улаанбаатарт байгуулах ажлыг АНУ-ын Батлан хамгаалах яам болон Төрийн Департамент санхүүжүүлж байна.
 
“Монгол Улс бол манай орны стратегийн түнш юм” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Чак Хейгл 2014 онд тус улсад айлчлах үеэрээ мэдэгдсэн билээ. Энэ айлчлалын үеэр аюулгүй байдлын тухай Монгол-Америкийн санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хейглийн Улаанбаатарт хийсэн айлчлалын талаар тухайн үед Монголд сууж байсан АНУ-Элчин сайд Керк Макбрайт гайхалтай тайлбар хийсэн юм. “АНУ нь Монгол Улсын хувьд нэг номерын “гуравдагч хөрш” байхыг эрмэлзэж байна” гэж тэрбээр хэлжээ. Гэхдээ энэ нь Монголыг чиглэсэн Вашингтоны бодлогыг арай зөөлрүүлж хэлсэн үг юм. Үнэн хэрэгтээ АНУ-ын эрх баригчид Монголын хувьд цорын ганц “гуравдагч хөрш”  нь болохыг хүсч байна.
 
Вашингтон Монголын баялгийн баялагт гол анхаарлаа хандуулж байна. “Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ АНУ маш их бахархдаг” гэж Улаанбаатарт суугаа АНУ-ын одоогийн Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмпбелл мэдэгджээ. Ингэхдээ хатагтай Кэмпбелл дэлхийн томоохон нүүрсний компани болох Америкийн “Peabody Energy Corporation”-ий ашиг сонирхлыг дэлхийн хоёр дахь том компани болох Австрали-Их Британийн хамтарсан “Rio Tinto Ltd”-гийн ашиг сонирхолтой хамт илт лоббидож байна.
 
АНУ-ын хувьд Монгол нь 9 сая орчим лалын шашинт уйгурууд амьдардаг Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг гэдгээрээ чухал юм. Хүний эрхийг хамгаалагчид “уйгурын асуудлаар” уйгуруудын дунд Хятадын эсрэг үзлийг байнга сурталчилж байгаа нь АНУ-ын Азийн энэ хэсэг дэх дипломат бодлогын нэг төрлийн нэрийн хуудас болжээ.
 
Гэхдээ Улаанбаатарын эрх баригчид америкчуудыг Монголын цорын ганц “гуравдагч хөрш” –өө болгохыг яарахгүй байна. Монголын эрх баригчид Барууны түншүүдтэй хамтран бизнес эрхлэх арга барилын талаар багагүй гомдолтой байдаг. Канадын уул уурхайн “South Gobi Resources” компанийн өндөр албан тушаалтан байсан АНУ-ын иргэнийг хоёр жилийн өмнө баривчилсан түүх мартагдаагүй. Монголын хууль сахиулах байгууллагууд түүнийг 19 сая гаруй долларын татвар нуун дарагдуулсан байсныг илрүүлжээ.
 
Түүний зэрэгцээ, Улаанбаатарын эрх баригчид  “гуравдагч хөрш”-ийн үзэл баримтлалаасаа татгалзаагүй юм. Монгол Улс Япон, Солонгос, Вьетнам, Таиланд, мөн АНУ-ын хөрш орнуудтай харилцаагаа хөгжүүлж байна. Эдгээр улс тус бүр “гуравдагч хөрш”-ийн үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс эдгээр улстай харилцах харилцаандаа түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн зах зээлд гарах гарц олж авна хэмээн найдаж байгаа юм.
 
Үүний сацуу Монголын эрх баригчид  Оростой харилцаагаа бэхжүүлж байна. ОХУ-ын Төрийн Думын даргын хоёрдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаанд шинэ түлхэц өгсөн юм. Түүний айлчлал нь Монгол Улстай найрсаг стратегийн түншлэлээ бэхжүүлэх явдал Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг сануулсан айлчлал болсон. Нутаг дэвсгэрээрээ дамжуулан Оросоос Хятад руу тээврийн зурвас бий болгох сонирхолтой байгаагаа Монголын тал онцлон тэмдэглэсэн. Энд төмөр зам, автомашины зам болон нефть, хий дамжуулах хоолой болон цахилгаан дамжуулах шугам тавих асуудал яригдаж байгаа билээ.
 
“Монголын “Талын зам” төслийг  “Транс-Евроазийн бүсийг хөгжүүлэх” Оросын төсөл, “Торгоны зам” эдийн засгийн бүс байгуулах Хятадын санаачилгатай уялдуулан Засгийн газар хоорондын гэрээ байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа” Монголын Улсын Их хурлын дарга З.Энхболд мэдэгдсэн. Улаанбаатар төмөр замыг Москва-Бээжингийн чиглэлийн дамжин өнгөрөх  бааз суурь болгон энэ чиглэлд Монголын нутгаар дайруулан өндөр хурдны төмөр зам тавихыг санал болгож байна гэж тэрбээр хэлсэн юм.
 
Зэс, молибдений үйлдвэрлэлээр Азидаа томоохонд ордог “Эрдэнэт” үйлдвэр, алт олборлогч “Монголросцветмет” болон “Улаанбаатар төмөр зам” гэсэн Орос-Монголын хамтарсан гурван компани нь Монголын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур юм. Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ ажиглагчийн статустай орон билээ. Монголын төлөөлөгчид энэ сарын 10-12-нд Ханты-Мансийск хотод болох ШХАБ-ын чуулга уулзалтын 10 жилийн ойн баярт, мөн Уфа хотод долдугаар сарын 8-10-нд болох тус байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ уулзалтын үеэр ШХАБ-ын эгнээг өргөжүүлэх төлөвтэй байна.
 
2015 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москва хотод Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцоно. Тэрбээр мөн Уфа хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр эсвэл Сибирийн бүс нутагт ажлын айлчлал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн  гэж Стратегийн соёлын сангийн шинжээч Владислав Гулевич бичжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: