sonin.mn
Дэлхийд нэр хүндтэй Харвардын их сургуулийн 17 оюутан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, түүх соёлтой танилцахаар ирсэн байгаа билээ. Тус сургуулийн оюутнууд жил бүр 15-17 оронд очиж туршлага судлах аяллыг зохион байгуулдаг байна. Энэ жил манай улс анх удаа уг аялалд багтаж буйгаараа онцлогтой юм. Аялалын бүрэлдэхүүнд тус сургуулийн Азийн удирдлагын сургалт хөгжил хариуцсан ерөнхийлөгч Самуэль Хангсо Ким болон АНУ, БНХАУ, Бразиль, Австрали, Япон, Ливи, Эквадор зэрэг орны оюутнууд багтжээ. Тэд манай улсад хийх аялалынхаа хугацаанд  шийдвэр гаргах төвшний удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн байна. Үүний дагуу монголд ирсэнээс хойшхи хамгийн эхний уулзалтаа өнөөдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой хийж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
 
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд нэгдэж Монгол Улстай танилцах аялал хийж байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр монголчууд асар их сонирхолтой нүүдлийн соёл иргэншлийн өвөө тээж үлдсэн онцлогтой ард түмэн. Монголын ард түмний нөхөрсөг,найрсаг зочломтгой зан, байгалийн онгон төрхөө авч үлдэж чадсан улс. Гэхдээ хөгжиж байгаа орны хувьд уул уурхайгаа эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс байгальтайгаа харьцаж байгаа энэ цаг үед тан бүхэнтэй уулзаж байна хэмээн онцолсон юм.
 
Оюутнуудын төлөөлөл “эрт цагаас монголд ирэхийг хүсдэг байсан. Монголын нийгэм эдийн засгийн тухай илүү их ойлголттой болох үүднээс шийдвэр гаргах төвшний удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн. Өнөөдөр хүлээн авч уулзаж байгаад талархаж байна” гэлээ. Мөн тэд Азийн улс орнууд дэлхийд чухал байр суурь эзэлж байна. Тэр тусмаа энэ цаг үед дэлхийн нүд Монгол Улс дээр тусч байгаа учир илүү их хөгжих боломж бий гэж бодож хэмээн санал бодлоо хуваалцлаа.
 
Дэлхийд  нэр хүндтэй Харвардын их сургуулийн оюутнуудыг эх оронтойгоо танилцуулах, туршлага судлуулах аялалд НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Аялалын багт түүнээс гадна тус сургуульд бизнесийн чиглэлээр суралцдаг Батнайрамдал хэмээх монгол залуу багтсан байна.