sonin.mn
Монгол Улсын Зам,тээврийн сайд Н.Төмөрхүү тэргүүтэй  төлөөлөгчид 3 дугаар сарын 16 -20 ны өдөр  БНХАУ-д айлчилж байна.  Энэ сарын 17-ны өдөр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, БНХАУ-ын Зам,тээврийн сайд Ян Чуаньтантай уулзаж төмөр  зам, хуурай зам, боомт, агаарын тээвэр, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах  талаар санал  солилцов.
 
 Уулзалтын үеэр  Монгол Улсын Зам, тээврийн сайд  Н. Төмөрхүү Монгол улсын зам тээврийн  салбарын хөгжил,  цаашдын  чиглэлийг танилцуулан Хятад, Монгол  болон Хятад, Монгол, Оросын төмөр зам, хуурай зам зэрэг  шинэ гарц  байгуулахад   дэмжлэг  тусламж үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Хятад, Монгол, Орос улсын гурван тал  жил болгон уулзалт, хамтын ажиллагааны механизм бий болгох, бүс нутгийн  эдийн засгийн  хэлэлцээрийг урагшлуулах, холбогдох асуудлыг  цаг тухайд нь шийдвэрлэж байх, гурван  талын  харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх,  транзит тээврийн талуудын хувь нийлүүлсэн компани байгуулах санаачлага гаргаж байгаагаа танилцууллаа. 
 
БНХАУ-ын Зам,тээврийн сайд Ян Чуаньтан,   Хятад, Монгол ойрын хөрш орон, иргэд хоорондын  харилцаа нягт,  хамтын ажиллагаа өргөн,  зам  тээврийн салбарт хамтран ажиллах боломжтой. Хятадын тал Монголын талтай  транзит  тээврийн салбар дах хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагаанд Хятадын аж ахуйн нэгж оролцоход  дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Транзит  тээврийн салбар дахь  Хятад, Монгол, Оросын   хамтын ажиллагааг эрчимжүүлэн,  зах зээлийн зарчмын үндсэн дээр, 3 талын  харилцан итгэлцсэн, ашигтай, аль алт талдаа ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч  байна  гэв. Тэрээр мөн Хятад, Монгол, Оросын Засгийн газар хоорондын  зам тээврийн хэлэлцээрийг  урагшлуулах,  боловсон хүчний давтан сургалт, солилцоо, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
Мөн БНХАУ-ын Зам,тээврийн сайд Ян Чуаньтан Си Зиньпин даргын дэвшүүлсэн “ Нэг бүс нэг зам”-ын төлөвлөгөө,  Орос улсын санаачилж буй Европ Азийг холбосон төмөр зам , Монгол улсын  “Талын зам” төслийг хамтын эрмэлзэл,  хамтын  хүчин зүтгэлээр хэрэгжүүлэн  хамтдаа хожин ард түмний  хангалуун амьдралд  хувь нэмрээ оруулах юм гэлээ. 
 
Айлчлалын үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү  БНХАУ-ын Зам,тээврийн сайд Ян Чуаньтантай албан ёсны хэлэлцээр хийж, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф. Мезенцев, БНХАУ-ын  Төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу,  БНХАУ-ын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Ли Зясян, Хятадын Төмөр замын  ерөнхий компанийн удирдлагатай тус тус  уулзалт хийх  юм.  Айлчлалын бүрэлдэхүүнд ЗТЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Авто тээврийн хэлтсийн дарга Я.Мөнхжаргал,  Иргэний нисэхийн Ерөнхий  газрын дарга Т.Лхагвасүрэн, МТЗ ТӨХК- ийн захирал Д.Ганбат болон албаны бусад хүмүүс дагалдан явна.
 
Бээжин. Д.Энхчимэг
Эх сурвалж: