sonin.mn
ТОКИО. /TheDiplomat/. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Азийн талаарх Монголын төсөөллийг хэлэлцлээ. 2015 оны хавар “The Diplomat” сэтгүүл Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын элчин сайд нартай “Дипломат арга зам” сэдвээр хийсэн тусгай цуврал ярилцлагаа уншигчдадаа хүргэж байна. Номхон далай дамнасан түншлэлээс эхлээд Торгоны замын эдийн засгийн бүс, Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас эхлээд “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн асуудал зэрэг бүс нутгийн эдийн засаг болон аюулгүй байдлын чиг хандлагыг улс орон бүр хэрхэн үзэж байгааг эдгээр дипломатчидтай хийсэн ярилцлагаараа дамжуулан бид уншигчдадаа хүргэх юм. Хамгийн түрүүнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Ази-Номхон далайн талаарх Монголын төсөөлөл, тус бүс нутаг гүйцэтгэх үүргийн асуудлаар ярилцлага  өглөө.
 
The Diplomat: Монгол Улсын талаас авч үзвэл, бүс нутгийн аюулгүй байдалд учирч буй хамгийн том аюул юу вэ?
 
Элчин сайд: Зүүн Хойд Азийн бүс нутаг олон онцлог талтай. Хүйтэн дайнаас үлдсэн ул мөр, салж хуваагдсан орнууд дахь мухардмал байдал, цөмийн зэвсгийн асуудал, газар нутгийн маргаан зэрэг олон асуудал энэ бүс нутагт бий. Аюулгүй байдлын асуудлуудаас гадна хэт давруу үзэл, терроризм, байгаль орчны доройтол, ядуурал, тэгш бус байдал болон хотжилт хурдацтай явагдаж байгаа зэрэг нь бүс нутгийн тогтвортой байдалд бодитой саад тотгор болж байна. Эдгээрийг цаг тухайд нь шийдвэрлэж чадахгүй бол бүс нутагт аюул учруулах хэмжээний асуудлууд хуримтлагдах юм.
 
Эдгээр аюулыг хэрхэн зайлуулж болох вэ?
 
Эдгээр асуудлыг бүгдийг нь шийдвэрлэх боломжтой. Үүний тулд бид итгэлцэл болоод ил тод байдлыг бий болгох хэрэгтэй. Бид олон улсын хууль дүрмийг дагах хэрэгтэй. Ингэснээрээ асуудлуудыг шийдвэрлэж чадна. Нээлттэй бөгөөд олныг хамарсан яриа хэлцээ хийн ярьж тохиролцсон зүйлээ ажил хэрэг болгохын тулд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Асуудлуудыг шийдвэрлэхийн тулд засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний гээд бүх түвшинд яриа хэлцээ хийх хэрэгтэй. Улаанбаатарын яриа хэлцээ нь ийм оролдлогын нэг хэлбэр юм.
 
Улаанбаатарын яриа хэлцээ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаан дахь Монгол Улсын оролцоонд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын яриа хэлцээг санаачилсан. Энэ бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон энх тайван байдалтай холбоотой асуудлаар санаа бодлоо солилцох, бүс нутгийн болон бүс нутгийн бус улсуудад зориулсан нээлттэй платформыг хөхиүлэн дэмжих, бүс нутагт итгэлцэл бий болгох зорилготой арга хэмжээ юм. Энэ санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улс олон арга хэмжээ, тэдгээрийн дотор 2013 онд Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, 2014 онд Зүүн Хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулсан. 2014 оны зургадугаар сард зохион байгуулсан Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хуралд олон орон, тэдгээрийн дотор Монгол, Умард Солонгос, Өмнөд Солонгос, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Нидерланд, Герман болон Их Британийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Оролцогчид бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой янз бүрийн асуудал, тэдгээрийн дотор Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцсэн юм.
 
Бүс нутгийн асуудлууд, түүний дотор Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор үүссэн мухардмал байдлыг шийдвэрлэхэд Монгол Улс ямар хувь нэмэр оруулах боломжтой вэ?
 
Зүүн Хойд Азийн бүс нутгийн улсуудтай, тэдгээрийн дотор хоёр Солонгостой Монгол Улс найрсаг бөгөөд нягт харилцаатай. Монгол Улс, Умард Солонгос хоёр дээд түвшний айлчлалуудаас гадна боловсрол, эрдэм шинжилгээ, урлаг, спортын салбарт эрдэмтэн судлаачид, оюутан болон залуучууд солилцох хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.  Хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-ын аль алинтай нь хилийн маргаан эсвэл шийдвэрлэгдээгүй ямар нэгэн асуудал Монгол Улсын хувьд байхгүй. Монгол бол цөмийн зэвсэггүй статустай улс. Үүнийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Эдгээр давуу тал нь бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд хөшүүрэг болж чадна гэж бид найдаж байна. 
 
Бидний бодлоор, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах энэ бүс нутгийн хамгийн тулгамдсан асуудал мөн. Цөмийн зэвсгээс ангижруулах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зарчмуудыг Монгол Улс даган дэмждэг. Эдгээр зарчмыг манай улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлдээ төдийгүй дотоодын хууль тогтоомжууддаа тусгасан. 1992 онд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс гэж дэлхий дахинд тунхаглан зарласан анхны улс болсон. 
 
Монголын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэнэ гэдгээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн хамтарсан тунхаглалдаа 2012 онд амласан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилгоор хийж буй зургаан талын хэлэлцээ болон энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлт бүрийг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн. Зургаан талын хэлэлцээг сэргээх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад дорвитой хувь нэмэр болно гэж Монгол Улс үзэж байна.
 
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Батлан хамгаалахын сайд нар Монгол Улсад айлчилсан. Ерөнхийлөгч Барак Обамагийн “Азийн талаарх бодлогоо дахин тэнцвэржүүлэх” стратегийн хүрээнд Монгол-АНУ-ын харилцаанд ямар ахиц дэвшил гарч байна вэ?
 
Манай хоёр улс дээд түвшний айлчлал, дээд түвшний хоёр талын уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Өнөөдөр Монгол Улс болон АНУ улс төр болоод эдийн засгийн харилцаагаа бэхжүүлсээр байна. Монгол Улс АНУ-ыг хамгийн чухал “гуравдагч хөрш”мөн гэж үздэг. Нийтлэг үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан иж бүрэн түншлэлийн зарчмаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр манай хоёр улс ажиллаж байна. АНУ Монгол Улсад бүх талаар тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэнд бид талархдаг. 
 
Ази-Номхон далайн олон улсын байгууллагуудаар дамжуулан эдийн засаг, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолдоо хүрэхээр бид хамтран ажиллаж байна. Эрх чөлөө, ардчилал болон хүний эрхийг дэлхий даяар хамгаалж, хөхиүлэн дэмжихийн тулд бид хүчин чармайлтаа нэгтгэн хамтран ажиллаж байна. Манай улсын цэргүүд Иракт байрлаж байсан. Одоо Афганистанд байна. Манай энхийг сахиулагчид Африкийн зөрчил мөргөлдөөнтэй улс орнуудад АНУ-ын цэргүүдийн хамт үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс болон АНУ 2004 онд Худалдаа ба хөрөнгө оруулалтыг зохицуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан бол 2014 онд Монгол Улсын парламент  хоёр улсын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг баталлаа.
 
Өнөөдрийн байдлаар, АНУ нь Монголын худалдааны дөрөв дэх том түнш болжээ. Хоёр улсын худалдааны нийт эргэлт хагас тэрбум гаруй доллароор хэмжигдэж байна. Харин 300 сая долларын шууд хөрөнгө оруулалттайгаар АНУ Монголд хөрөнгө оруулагчдын жагсаалтад дээрээсээ дөнгөж наймдугаарт бичигдэж байна. Энэ тоог өсгөж ахиулах шаардлагатай байна.
 
ОХУ болон БНХАУ-тай Монгол Улсын хийж байгаа гурван талын хэлэлцээний зорилго юу вэ?
 
Хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг, тэнцвэртэй харилцаатай байхын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогоороо дамжуулан Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудтай илүү нягт хамтран ажиллаж, түншлэлээ бэхжүүлэн, олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. ОХУ болон БНХАУ-тай Монгол Улс түүхэн, уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өнгөрсөн онд Тажикистаны нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос болон Хятадын хооронд анхны гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгосон. Энэ хоёр улс хоёулаа Монгол Улсын худалдааны хамгийн том түншүүд. Орчин үеийн дэлхий ертөнцөд ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог далайд гарцгүй байршлаа Монгол Улс тус хоёр улсыг холбох боломж гэж харж байна. Мөн газарзүйн хувьд энэ хоёр гүрэнтэй ойрхон байгаа нь Монгол Улс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тэдгээрийн зах зээлд гаргах сайхан боломж юм.
 
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу АПЕК-т Монгол элссэн нь ямар эерэг талтай вэ? Эдийн засгийн хувьд АПЕК-ийн эвсэл Монголд хэр  ач холбогдолтой вэ?
 
Хөгжиж буй эдийн засагтай Ази-Номхон далайн бүс нутгийн орны хувьд Монгол Улс АПЕК-ийн гишүүн болох эрмэлзэлтэй байна. Ази-Номхон далайн бүс нутагт эдийн  засгийн хамтын ажиллагаа, худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн гол форумын болохынхоо хувьд АПЕК-ийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө асар их юм. Үүнийг илүү тодруулахын тулд цөөн хэдэн тоо баримт дурдъя. Монголын гадаад худалдааны нийт эргэлтийн 90 хувийг АПЕК-ийн гишүүн улсууд, экспортын 96.4 хувийг Хятад, Канад болон Орос, импортын 76.8 хувийг ОХУ, БНХАУ, АНУ, Япон болон БНСУ эзэлж байна. Манай хөршүүд /ОХУ ба БНХАУ/ далайд гарах цорын ганц гарц. 
 
Монгол руу орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалд АПЕК-ийн улсууд давамгайлж байна. Хятад, Сингапур, Канад, БНСУ, АНУ, Орос, Хонконг, Австрали болон Япон бол манай гол хөрөнгө оруулагч түнш орнууд юм. АПЕК-ийн гишүүн болсноор тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах замаар худалдаа болон хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, төрөлжүүлэх сайхан боломж бүрдэнэ. Харин АПЕК гэдэг өрх бүлийн хувьд ардчилсан засаглал, хөгжиж байгаа эдийн засаг, ашигт малтмалын асар их баялаг болон стратегийн байршил бүхий нэгэн улсаар бүл нэмнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: