sonin.mn

ТОКИО. /ВВС/. АНУ-ын Элчин сайд Каролин Кеннеди болон өөр нэгэн дипломат ажилтныг хөнөөнө хэмээн заналхийлсэн хэргийг Японы цагдаа нар шалгаж байна.

Англи хэлээр ярьдаг нэгэн хүн өнгөрсөн сард Токио хот дахь АНУ-ын ЭСЯ руу утсаар ярихдаа Элчин сайд Кеннедиг хөнөөнө гэж заналхийлсэн аж. Чухам ямар учир шалтгаанаар ингэж сүрдүүлсэн нь тодорхойгүй байна.

Окинава арал дахь АНУ-ын Ерөнхий консул Альфред Маглебиг хөнөөнө гэж мөн заналхийлжээ.

Каролин Кеннеди бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедийн охин бөгөөд 2013 оны 11 дүгээр сард АНУ-аас Японд суух элчин сайдаар томилогдсон юм.

Токиогийн цагдаагийн газар болон АНУ-ын ЭСЯ ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзсаар байгаа аж.

АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Марк Липперт рүү энэ сарын эхээр нэгэн этгээд хутга барин халдсан юм. Үүний улмаас тэрбээр нэлээд хэд хоногийн турш эмнэлэгт эмчлүүлсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ