sonin.mn

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн танилцуулгыг өнөөдөр Аж үйлдвэрийн яамнаас хийлээ. Хэлэлцээр танилцуулах үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа, ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир, мэргэжилтэн Д.Сувдаа, Г.Туяа нар болон үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцож санал, бодлоо солилцсон юм.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр нь манай улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Харин Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан 15 дахь улс нь Монгол болж байна.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнууд 580 гаруй бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байна. Улмаар ДХБ-ын 160 гишүүн орон бүгд аливаа нэгэн бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгджээ. Иймд өнөөгийн даяаршсан нийгэмд Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг (ЭЗТХ)Япон улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох үүдийг нээж байна.

Манай улстай дэлхийн өндөр хөгжилтэй, 127 сая хүн амтай Япон улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, зах зээлээ нээж байгаа нь нэг талаас Япон улсаас Монгол Улсад үзүүлж буй улс төр, эдийн засгийн томоохон дэмжлэг гэж үзэж болох юм. Нөгөөтэйгүүр манай хоёр орны хамтын ажиллагаа зээл, тусламжид тулгуурлах бус харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эхлэл тавигдаж байна.

Хэлэлцээрийг байгуулснаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар илүү чөлөөтэй нэвтрэх, хоёр талын худалдаанд саад болж байгаа стандарт, техник, хорио цээрийн саад тотгорыг багасгахад хамтран ажиллах, техник туслалцаа авах, худалдааг аажмаар өргөжүүлэх ач холбогдолтой юм.