sonin.mn

Дэлхийн аз жаргалын өдөр маргааш тохиож буй. Эл өдрийг “Аз жаргалын  зам” ТББ-аас  “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байгаа талаараа өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт тань ирэх аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Мөн тус өдрийг угтаж зарласан эссе бичлэг, гар зургийн уралдааны материалыг байгууллага дээрээ болон "Зар" сонины байранд тус тус хүлээн авч байгааг зохион байгуулагчид нь хэллээ. Түүнчлэн энэ сарын 25-нд "Гэгээн үйлстэн" шалгаруулах ёслолын ажиллагаа "Blue Sky tower"-т болох бөгөөд гэгээн үйлстэн, гэгээн үйлстэн байгууллага, гэгээн үйлсийг дэмжигч байгууллага, түүхэн гэгээн үйлстэн гэсэн 4 номинацийн шагналыг сайн сайхныг бусдад түгээгчдэд гардуулах гэнэ.

“Аз жаргалын  зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан, "Манай орон дэлхийн аз жаргалын жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг. Уг индексийг тухайн орны хүчилтөрөгчийн хэмжээ, дундаж наслалт, гэр бүл салалт,  ДНБ гэх мэт 40 төрлийн үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. Сонирхуулахад уг жагсаалтыг Бутан улс тэргүүлдэг. Манай орны хувьд стресс ихтэйгээс гадна аливаа зүйлийг сөрөг өнцгөөс нь хардаг хүн цөөнгүй байдаг. Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэй" гэлээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг олон улсад өндөр ач холбогдолтой тэмдэглэдэг бөгөөд эерэг сэтгэлгээний давалгааг дамжуулан түгээдгээс гадна аз жаргалын дууны жагсаалтыг хүртэл гаргадаг аж.

А.Даваахүү

Эх сурвалж: "Монцамэ"