sonin.mn

“Дэлхийн усны өдөр”-ийг угтан “Ус-2015” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд боллоо.

Энэхүү үзэсгэлэнг Усны зохицуулах зөвлөлөөс санаачлан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон ACF олон улсын байгууллагатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус үзэсгэлэн нь ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах, мэдлэг мэдээлэл олгох, иргэдэд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэрхэн хүрдэг, түүний үнэ цэнийг ойлгуулах, зөв хэрэглээг хэвшүүлэх зорилготой.

Усны зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга П.Долгорсүрэн хэлэхдээ, “Орон сууцанд амьдардаг иргэд хоногтоо 200-230 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллынхон 8-10 литр ус хэрэглэж байна. Зөөврийн ус хэрэглэдэг айл өрх ундны усны эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй сав хэрэглэдэг. Энэ нь хүн амын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг. Үзэсгэлэнгээс иргэд ундны усны эко сав, ахуйн хэрэглээндээ хэрэглэх усны чанарыг сайжруулах, зөөлрүүлэх, эрдэсжүүлэх зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй танилцах боломжтой” гэв.

Үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцон халуун, хүйтэн цс цэвэршүүлэх, ус хэмнэх, усыг дахин ашиглах, бохир усыг цэвэршүүлэх, усны хог, зэв шүүгч, усыг зөөлрүүлэгч, ионжуулах зэрэг техник, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Мөн ус дамжуулах хоолой, насос, усны тоолуур зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Энэ үеэр Ардын уран зохиолч, төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжав усны тухай найраглал уншин, СХД-ийн 106 дугаар сургуулийн сурагчид “Flash Mob” бүжиглэж сонирхууллаа.

Тус үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ"