sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Хойд мөсөн далайн мөсний хэмжээ энэ өвөл түүхэнд байгаагүй хамгийн бага байлаа гэж АНУ-ын эрдэмтэд хэллээ.

Энэ жилийн мөсний хэмжээ хамгийн ихдээ 14.5 сая шоо км байсан гэж АНУ-ын Боулдер хот дахь Колорадогийн Их сургуулийн Үндэсний цас мөсний мэдээллийн төв /ҮЦММТ/ мэдэгдэв.

Энэ нь хиймэл дагуулаар бичлэг хийж эхэлсэн үе буюу 1979 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.

Хамгийн сүүлийн судалгаагаар, 1975-2012 оны хооронд Хойд мөсөн далайн мөс 65 хувиар нимгэрсэн байна.

Мөс аажим аажмаар нимгэрч байгаа нь туйлын бүс нутаг төдийгүй дэлхий дээрх хүн, ургамал амьтанд ихээхэн нөлөөлөх бөгөөд далайн усны түвшинг нэмэгдүүлж байна гэж Лондонгийн эдийн засгийн сургууль дахь Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны судалгааны хүрээлэнгийн ажилтан мэдэгдэв.

Хоёрдугаар сарын 25-нд Хойд мөсөн далайн мөс хамгийн их байсан бөгөөд үүнээс хойш хаврын улирал ирж, мөс хайлж эхэлсэн гэж ҮЦММТ мэдэгджээ.

ОХУ болон Аляскын зарим хэсгээр хоёрдугаар сард ер бусын дулаан байгаа нь далайн мөс хайлахад нөлөөлж байна гэж эрдэмтэд үзэж байна. Хоёрдугаар сарын сүүлээр хийсэн хэмжилтээр мөсний хэмжээ 2011 оны өвлийн улиралд хийсэн хэмжилтээс 130 000 шоо км-ээр бага байжээ.

Д.Нямтулга

 Эх сурвалж : "Монцамэ"