sonin.mn

Монгол, БНСУ хооронд дипломат харилцаа тогтсооны 25 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан ГХЯ, Улаанбаатар их суургууль болон ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран “Монгол-БНСУ-ын харилцаа, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

БНСУ бол  Монгол Улсын бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш. Хоёр улс эрт үеэс найрамдалт харилцаатай байсан нь газар нутгийн ойр дөт байдал, улс төрийн тогтолцоотой салшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа бүх салбарт тогтвортой хөгжиж ирсэн. Үүний дотор боловсрол, соёл, эдийн засгийн салбар хамгийн хурдацтай хөгжиж ирсэн хэмээн Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Монгол Улсын засгийн газар хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн харилцаа, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулсан. Уг хороо ойрын хугацаанд Улаанбаатар хотноо анхны уулзалтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааг уул уурхай, далайн тээвэр, дэд бүтэц, байгаль орчин болон аялал жуулчлалын салбарт тулгуурлан хөгжүүлэх нөөц бололцоо бий. Ингэснээр хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд томоохон түлхэц болно” гэв.

Хүмүүнэлгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, Д.Уламбаяр, Монгол Улс худалдаа хийсэн орнуудаа жагсаадаг. Энэ жагсаалтад БНСУ гуравдугаар байрт орсон байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын жагсаалтад дөрөвдүгээр байрт жагсчээ. 2014 онд 600 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Мөн нийтийн хоол, дэд бүтэц, уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. 2011 онд хоёр орны харилцааны иж бүрэн түншлэлийг байгуулсан. Монголын 30 мянга гаруй иргэд БНСУ-д ажиллаж амьдарч байна. Үүнтэй холбоотой Солонгосын хойгийн аюулгүй байдал Монгол Улстай шууд холбоотой. Өнгөрсөн 25 жил хэдийгээр бага хугацаа боловч баялаг түүх бүтээсэн он жилүүд юм. Хэдийгээр солонгосын кино болон поп урлагтай холбоотой сөрөг ойлголт их байгаа ч бусад салбарт тогтвортой хамтран ажиллаж, иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр, Ил тод байдлын хэлэлцээрийг байгуулах хэрэгтэй. Ингэснээр одоогийн хамтын ажиллагаа улам бүр хурдацтай хөгжих боломж нээгдэнэ” гэлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайд Ли Тэ Ру, УИХ-ын гишүүн А.Бакей болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ"