sonin.mn

1990 оны гуравдугаар сар Дундговь аймгийн хувьд ямар түүхэн үйл явдал үлдээж улирсаныг одоо дөч хол гарсан насныхнаас эхлээд мэднэ. Тэр үед тус аймагт өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал хэрхэн бүрдэж, сэхээтэн залуучууд үзэл санаагаа хэрхэн нэгтгэж, ардчилсан үйл хэрэгт оролцож байсныг дурсах нэгэнтэй уулзаж, ярианы учиг сүвлэсэн нь энэ юм. Аймгийн ИТХ- ын төлөөлөгч Ж. Мөнхтөртэй ярилцлаа.

-Бүхэл бүтэн нийгмээ өөрчлөх үйл явц  25 жилийн өмнө улс эх оронд хэрхэн өрнөж байсныг бид баримтат кино, ном хэвлэлээс харж, зах зухыг мэддэг болжээ. Тэр үед хөдөөд энэ үйл явц хэрхэн үргэлжилж байсан бэ гэдгийг харин тэр бүр сайн мэдэхгүй юм. 1990 он Дундговь аймагт чухам ямар үйл явдлыг түүх болгон үлдээсэн талаар та яриач?

- Асуултын гол хариулт хүртэл оршил хэлэх нь дээ.

-Тэгэлгүй яахав. Үйл явдал эхлэл, өрнөл, төгсгөл гэж байдгаас хойш…

-Би 1988 онд ЗХУ- д сургуулиа төгсөж ирээд аймгийнхаа Барилгын техник мэргэжлийн сургуульд багшилсан юм. Долдугаар сард ажилд орсон л доо. Тэр үедээ аймгийн утга зохиолын нэгдэлд явдаг боллоо. Утга зохиолын нэгдэлд дан ганц шүлэг яруу найраг бичдэг хүн биш зураач нар ч ирнэ. Бид долоо хоног тутамд цуглана. Цуглахаараа уран бүтээлийн л яриа өрнүүлнэ л дээ. Гэхдээ үндэсний үзэл санааг дэмжиж, уламжлалт зан заншил, үндэсний хэв маягийг уран бүтээлдээ тусгадаг байх талаар ярьдаг байлаа. Манай нэгдэлд П. Цэгмид, Ш Төмөрбаатар, Д.Мөнхдүүрэн, С. Лхагвасүрэн, Ц. Алтайхүү нарын зураач ирнэ.

Тухайн үед Мандалговийн төв цэцэрлэгт эцэг малын барималууд байдаг байлаа. Яахаараа заавал ингэж малын баримал байх ёстой юм. Үүний оронд үндэсний баатаруудаа хийе. Бор овооны энгэрт яагаад заавал БНМАУ гэж бичсэн байх ёстой юм. Үүний оронд эзэн Чингис хааныхаа хөргийг зуръя гэх мэтээр шүүмжлэл өрнүүлнэ. 1989 онд аймгийн “Болор цом” наадам болоход А.Лхагваагийн “Толгодын шивнээ” хэмээх шүлэг түрүүлж байлаа. Энэ шүлэг жинхэнэ монгол ахуйг дүрсэлсэн учраас бусдаас өвөрмөц байж л дээ. Тэр үед аймгийн соёлын ордонг театр болгосон юм. Театрын засал чимэглэлийг зураач П.Цэгмид хийхдээ  Янжинлхам бурхан зурж, үндэсний хээ угалзаар театрын дотор талыг чимэглэн, хар, цагаан сүлд тугийг залсан байдлаар тохижуулж байсан юм даг.

Энэ мэтээр уран бүтээлчдийн яриа, үйлдэл дунд Дундговь аймаг дахь өөрчлөлт шинэчлэлийн өнгө аяс, ардчилалын эх үндэс агуулагдаж байсан гэж би боддог.

Бидний уран бүтээлийн яриан дунд төр захиргааны дарга нарын эрх мэдэл, тусгай хангамжийг шүүмжилж, хэлмэгдлийг цагаатгах ёстой гэх ярианууд ч орж ирнэ.

-Энэ яриа хэр удаан үргэлжлэв?

-1989 оны намар би Болгар улсын Комсомолийн дээд курст 45 хоног сурахаар явсан юм. Энэ үед намайг Барилгын техник мэргэжлийн сургуулиас гаргаж, Худалдааны эвлэлийн үүрийн дарга болгоод байсан л даа. Болгарт суралцаж байх хугацаанд байнгын л жагсаал цуглаан болно. Өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал ид эхэлчихсэн байсан нь тэр.  Тэндээс би  социалист нийгмийн хэв шинж болохгүй л болж байгаа юм байна. Өөр замаар явах ёстой юм гэдгийг ойлгож ирсэн. Хичээл зааж байсан багш нараас ч асууна. Социалист системыг өөрчлөх гээд байгаа нь зөв зам уу гэхэд зөв ч гэхгүй, буруу ч гэдэггүй байв. Курсээ төгсөж ирсний дараахан нийслэлд болсон үйл явдлыг сонслоо. Тэр үед мэдээлэл тун муу. Төр засгийн эсрэг баахан залуучууд бослоо л гэж ойлгохоос өөр олигтой мэдээлэл байхгүй. Тэр дунд уран бүтээлчид явж байсан болохоор миний хувьд ойлгохдоо, уран бүтээлчид бол хэзээ ч муу юм хийх улс биш, тэгэхээр энэ бол зөв юм байна гэдгээр тусгаж авсан.

Ингэж явсаар 1989 он дуусч, 1990 он гарлаа. Он дөнгөж гараад ирэх үед өөрчлөлт шинэчлэлийн талаар  Дундговьд арай эрчтэй яригддаг болсон юм. Тэгэхээр нь бид Төрийн шагналт зохиолч Нямаагийн “Санаа заяа хоёр минь” романаар уншигчдын бага хурал хийе. Үүн дээрээ дөрөөлөөд аймагтаа Ардчилсан холбоогоо байгуулъя гэж ярилцлаа.

-Бид гэж хэн хэн байв? Өнөө утга зохиолын нэгдлийнхэн үү?

-Зураач П.Цэгмид, Ч.Чулуунбаатар, Барилга трестийн инженер Д.Ганбат, Чулуунсүх нарын цөөн хэдэн хүн байсан.  Бидэн шиг санаа нэгтэй залуучууд мэр сэр байгаа нь сонсогдож л байлаа. Сургалт заах арга зүйн кабинет буюу одоогийн Боловсролын газарт арга зүйч Ж.Отгонбаяр, Батсуурь гэж хүн байгааг мэдсэн.  Бас Дундговь аймгийн ажилчны хөдөлгөөний удирдах төв гэсэн нууц нэрээр энд тэнд уриалга наасан нэгэн “нууц эзэн” ч бидний анхаарлыг эрхгүй татаж байв.

-Тэр уриалга хүнд суртлыг халъя гэх мэт утга агуулгатай байв уу?

- Тийм. Одоо ч надад байдаг. Би чамд уншиж өгөх үү? “Аймаг, сум, нам захиргааны удирдлагууд ард түмнээсээ өвөрмөц ялгагдах тусгай үйлчилгээ, хангамж эдэлж, өндөр цалин авч , тохилог орон сууцанд амьдарч байхад ажилчин ангийнхан өчүүхэн бага цалингаар олон ам бүлээ арай ядан тэжээж, орон байраар гачигдсаар байна. Ажилчин малчин сэхээтний өргөн эгнээгээр удирдлагын хүнд сурталт системийн эсрэг эв санаагаа нэгтгэе. Ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах ёстой үйлдвэрчний байгууллага бидний төлөө ажиллахгүй байгаа учраас ажилчны хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах сайн дурын байгууллага Мандалговь хотод байгуулагдлаа” гээд удахгүй болох цуглааныг товлон зарласан байгаа юм. 1990 оны нэгдүгээр сарын нэгний өглөө босоход Мандалговийн гудамж талбайд уриалгыг наасан байсан.  Ийм уриалга баахныг шуудан холбооны цонхны тавцан дээр тавиад орхисныг шууданч намын хороонд аваачиж өгсөн гэж ч дуулдаж байв. Энэ мэтээр  нийслэлд өрнөж эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэлсэн л дээ. Бид ч үзэл санаа нэгтэй хүмүүс байгаа юм байна гэдгийг сонсож мэдээд л явсан.

-Уриалга наасан эзэн хэн байв? Сүүлд тодорхой болсон байлгүй.

-Тухайн үед бид Ажилчны хөдөлгөөний удирдах төв гэдгийг олох гэж хичээсэн л дээ. Тэр уриалга дээр цуглаан зарласан байсан. Тэр цуглааныг хэн зохион байгуулах нь уу гэдгийг мэдэх гэж төв талбайд очсон. Харин тэр цуглаан болоогүй. Хүмүүс ч битүүхэндээ тандсан байдаг юм билээ. Тэгээд сүүлд нь энэ уриалгыг Сайнцагаан сумын “Мандах” нэгдлийн эдийн засагч Б. Адъяа бичиж наасныг мэдсэн. Энэ хүн хожим манай МоАХ- нд элсч, Ардчилсан намын гишүүн болсон доо.

- Тэгээд та нөхөд хэзээ нь уулзалдаж, үзэл бодлоо нэгтгэж эхэлсэн юм бэ? Одоо та бид хоёрын яриан дунд үйл явдал 1990 он дөнгөж гараад  өрнөж байна?

-Ингэж байтал гуравдугаар сарын 4-нд Улаанбаатараас МоАХ-ын зохицуулагч С.Зориг гэдэг хүн ирсэн. Манайхан Санжаасүрэнгийн Зоригтой андуурсан л даа. Тэр хүн Хүүхэд залуучуудын соёлын төвийн бага танхимд иргэдтэй уулзалт хийх зар түглээ. Танхим дүүрэн хүн цугласан. Малчдын цалинг 1000 төгрөг болгоно гэх зэргээр тухайн үед Ардчилсан холбооны ярьж байсан популист амлалтуудыг ярихад иргэдийн зүгээс бөөн эсэргүүцэлтэй тулгарч байв. Ингэсгээд 4- ны өдрийн цуглаан дуусч, маргааш нь ардчилсан холбоо байгуулах цуглааны товыг зарлав…

- Өнөө уншигчийн бага хурлаа бол хийгээгүй юм байна, тийм үү?

- Хийгээгүй. Хийе гээд ярьж байтал Улаанбаатараас МоАХ-ын зохицуулагч ирж цуглаан болоод эхэлсэн нь энэ л дээ.

- Ардчилсан холбоо байгуулах цуглаан хэр амжилттай болсон бэ?Цуглаан энэ тэр зохион байгуулахад төвөг саад учрах уу, гайгүй юу?

-3 дугаар сарын 5-нд цуглаан товлосон юм. Цуглаанаа  хаана хийх үү гэдэг бидний хувьд багагүй шаналгаа болсон юм даг. Би тэгэхэд худалдааны эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан болохоор худалдааны соёлын төвдөө хийчих санаатай. Өөрөөр бидэнд байр сав олдохгүй юм чинь. Гэтэл бидний цуглаан хийхээр товлосон өдөр МАХН- ын гишүүдийн улс төрийн лекц худалдааны соёлын төвд болно гэлээ. Тэгэхээр нь тэр лекцтэй давхцуулаад 6 цагт цуглаанаа зарлачихав. Лекцэнд хүмүүс цуглаад ирэх үед  лекцийг нь болиулаад Ардчилсан холбоо байгуулах цуглаан хийх гэж байгаагаа зарласан. Тэр лекцийг ямар аргаар ч болиуллаа даа, мартжээ. Тэгсэн нэлээд олон хүн гарч явсаар танхимд 150 шахам хүн үлддэг юм байна. Нийслэлээс ирсэн зохицуулагч С.Зориг зорилго зорилтоо ярьж, тэгээд л тэр оройн цуглаанаас Дундговь аймагт Ардчилсан холбоо байгуулагдаж байсан юм. Биднийг тууштай дэмжиж гар өргөсөн 100 гаруй хүн байсан бол холбоонд элсэх үү гэхэд 40 гаруй л  гар өргөж байсан.Ямар ч байсан бидний дэмжигч цөөдөөгүй.

-Цуглаанд оролцогчдод ер нь ямар томъёололоор мэдээлэл өгч байв?

- Эрх чөлөөтэй амьдрах хэрэгтэй гэдгийг л хэлж байсан. Гэхдээ социалист нийгмийг огтхон ч муу хэлээгүй юм шүү. Гадаад худалдааны ашигтай бус тэнцлийг жишээлэн ярьж, Монгол хүн монгол нутагтаа эзэн байх ёстой, өвгөд дээдсийнхээ зан заншлыг сэргээж явах учиртайг хэлж байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд, эхлээд манай Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс социализмын олсон амжилтыг бууруулахгүйгээр илүү шинэтгэх ёстойг ярьж эхэлсэн юм. Социаль демократууд харин энэ нийгмийг бүхлээр нь өөрчлөх ёстой гэдгийг анхнаасаа ярьж байсан. Тэгээд явцын дунд л социализмыг шинэтгэх бус уг үндсээр нь халах хэрэгтэй юм гэдэгт ойлголт нэгдэж ирсэн юм шүү дээ. Яг үнэн гэвэл энэ.

- Шинэ холбоо байгуулагдлаа. Удирдагчдаа хэрхэн сонгов? 3 дугаар сарын тавны тэр оройн цуглааны танхим ямархуу дүр зурагтай байв аа?

- Дундговь аймагт ардчилсан холбоог байгуулж байгаа нь  тун зөв. Улмаар Ардчилсан нам байгуулах хэрэгтэй. Говь нутагт ардчилалыг түгээх хэрэгтэй. Үүний тулд удирдагч байх ёстой гээд сонгууль явуулсан л даа, тэр цуглаан дээр… Цуглааныг  багш М.Цоодолсүрэн, “Улаан туг” сонины сэтгүүлч Ж.Жаргал болон миний бие удирдаж байсан юм. Түүх өөрөө удирдагчаа төрүүлдэг гэж үнэн үг. Тухайнд үед хэд хэдэн хүний нэрийг Ардчилсан холбооны зохицуулагчид дэвшүүлж, санал авахад Сургалт заах арга зүйн кабинетын арга зүйч Ж.Отгонбаяр олонхийн санал авсан. Энэ бол тун зөв сонголт байлаа. Учир нь Ж.Отгонбаяр тэр жилдээ аймгийн орлогч дарга болж, 1996 онд УИХ-д ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон юм.

Тэр цуглаанаас мөн зохицуулах зөвлөлийн гишүүдээ ч сонгосон. 2-р сургуулийн багш М.Цоодолсүрэн, эвлэлийн ажилтан Р.Баярмагнай, “Улаан туг” сонины сэтгүүлч Ж.Жаргал, Барилга трестийн эдийн засагч  Ч.Шүрэнцэцэг, инженер Д.Ганбат, гал командын Ц.Энхмандал нарын хэд хэдэн хүнийг олонхийн саналаар зохицуулах зөвлөлийн гишүүнд сонгосон юм. Мөн энэ цуглаанд оролцсон 60 гаруй хүн халааснаасаа мөнгө цуглуулж, 147 төгрөг болгоод хотоос ирсэн С.Зоригийн ирж, буцах зардлыг бүрдүүлж байлаа. Мөнгө хандивласан хүмүүсийн нэрс тэр өдрийн цуглааны тэмдэглэлтэй хамт одоо ч надад хадгалагдаж байдаг. Мартах учиргүй өдрүүдийн л нэг байсан даа, 3 дугаар сарын 5…

-Ингээд Ардчилсан холбоо “албажиж”, санаачлагыг гартаа зангидах нөхөд тодорхой боллоо. Дараагийн хийх ажил юу байв?

-3 дугаар сарын 5-ны цуглааны дараа Ж.Отгонбаярын өрөөнд бид цуглаж, Ардчилсан нам байгуулах ёстой гэдгээ ярьж, нам санаачлагчийн хэсэг гэж байгуулсан. 3 дугаар сарын 17-нд ч төв талбайд цуглаан зохион байгуулъя гэж ярилаа. Тэр цуглаанаар Дундговь аймагт ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, үйл ажиллагаагаа танилцуулан ард түмнээсээ дэмжлэг авах нь зүйтэй гэж үзсэн.

- Та нарт ард түмний дэмжлэг хэр зэрэг анзаарагдаж байсан бэ?

- Мэдээж яв цав тодорхой зүйл байхгүй. Тэр үед мэдээлэл тун муутай. “Үнэн”, “Хөдөлмөр” сонин л байлаа шүү дээ. Үндэсний телевизийн нэвтрүүлэг үздэггүй. Радиогоор төдийлөн сайн мэдээлэл дамждаггүй байлаа. Гэхдээ битүү хатуу ч гэсэн бидэнд ард түмэн дэмжиж байгаа нь мэдрэгдэж, итгэл үнэмшил сайтай байсан.

Биднийг аймагтаа ардчилсан холбоогоо байгуулснаас хоёр гуравхан хоногийн дараа Улаанбаатарт өлсөлөн зарлалаа гэж сонсогдсон.

- Та нарын хувьд өлсгөлөн зарлах тухай ярьж байсан уу?

-Ярьж байсан удаа бий. Гэхдээ бидний зохион байгуулсан цуглаан, яриа таниулга эрс няцаалттай тулгараад, нөхцөл байдлыг хурцатгасан зүйл тэгтлээ гараагүй. Тэгээд ч манай аймгийнхны хувьд өлсгөлөнг дэмжиж байгаагүй юм.

- 3 дугаар сарын 17- ны цуглаанаа хэрхэн зохион байгуулав?

-Бид хотын захиргаанаас зөвшөөрөл авч, цагдаад мөн албан бичиг хүргүүлснээр цуглаанаа зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс  нийтийн хэв журмыг өөрсдөө зохицуул гэсэн учраас бид дундаасаа хүмүүс томилж, харуул хяналт хийлгэж, согтуу хөлчүү хүн байвал цуглаанд оруулалгүйгээр нийтийн эмх замбарааг эрхэмлэж, цуглааныг ямар нэг зөрчилгүйгээр зохион байгуулж чадсан. 300 гаруй хүн цуглаж исэн юм даг. Талбайд орж ирээгүй ч  ойролцоох албан байгууллагуудын үүдэнд зогсоод харж байсан 100 гаруй хүн лав байсан. Цуглаанд үг хэлсэн хүмүүсийг иргэд сайн дэмжиж, анхааран сонсч, техник саатахад бухимдаж байлаа. Үнэхээр ард түмний дунд хүлээлт байсан нь илт харагдаж байсан л даа.

- Энэ зураг 3 дугаар сарын 17- ны цуглааных уу?

- Тийм.

-Нэлээд олон лоозон барьсан харагдана? Цуглааны гол агуулга эдгээр лоозонгоор харагдаж байсан байх?

-Тийм. “Хүнд суртал сөнөтүгэй”, “Өөрчлөн байгуулалтыг говь нутгаас эхлэе”, “Намын цомхотголыг түргэсгэе”, “Томилогдсон депутатууд саналаараа огцор” гэх мэт лоозон бичиж ирцгээсэн юм. Хүмүүс ч айж эмээлгүйгээр лоозонг барьж зогссон.

- Цуглаанд хүмүүс ямар утга агуулгатай  үг хэлж байв?

- Цуглааныг Мөнхтөр хөтөл гээд манайхан надад үүрэг өгсөн. Би цуглаанаа нээгээд дараа нь Ж. Отгонбаярт микрофоноо шилжүүлсэн юм. Ж. Отгонбаяр, Монгол оронд Ардчилсан холбоо байгуулагдаад гурван сар гаруй болж, гишүүд дэмжигчдийн эгнээ өргөжин тэлж байгааг хэлж, “Нийгмийг шударга ёсонд шилжүүлэх их үйлс эхэлж байна. Энэ бол жам ёсны өөрчлөлт. МАХН- ын улс төрийн товчоо огцорлоо. Энэ бол МАХН бусад улс төрийн хүчинтэй эрх тэгш байр суурин дээр очих боломжийг нээлээ. Аймаг орон нутагт өөрчлөн байгуулалтыг түргэтгэж, улс орны хөгжилд өөрийн гэсэн түрлэг нэмэх нь МоАХ- ны салбар зөвлөлийн тэргүүн зорилго. Хүн ардынхаа уудаг усыг цэвэршүүлж хэрэглэх,  үндэсний телевизийн нэвтрүүлгийг үздэг болох, ард иргэдийнхээ шүтэн бишрэх эрх чөлөөг сэргээх, Үйлдвэрчний эвлэлийн эзэмшиж байгаа барилгын нэг хэсгийг хүүхдийн хэсэгт өгөх, улс төр гэгээрлийн кабинетийг хүүхдийн номын санд шилжүүлэх зорилтыг бид эн тэргүүнд тавьж байна. Эрх баригчдад ийм шаардлага хүргүүлнэ” гэж хэлсэн.

Барилга трестийн инженер Д. Ганбат “Манай аймгаас сонгогдсон депутатууд ард иргэддээ ойртож ажиллахгүй, ингэж ажиллахад АДХ ч тусалж дэмжихгүй байна. Иймд аймгийн хурлын эрхийг өргөтгөж, аливаа асуудлыг орон нутагт нь шийддэг болох хэрэгтэй. Иргэн бүр монгол бичгээ сурах ажлыг МоАХ хариуцан хийнэ. Дэлгэрийн Чойр дахь Зава Дамдин гавжийн хийдийг сэргээнэ” гэсэн бол багш М. Цоодолсүрэн боловсролын салбар дахь гажуудлыг шүүмжилж, хөгжилтэй улс орны сургалтын дэвшилт аргыг нэвтрүүлэх цаг болсныг хэлж байсан.

Хөргөх зоорины машинист Нэргүй “Худалдаанд хорь гаруй жил ажиллалаа. Социалист худалдаа утгаа алдаж,дарга нарт ховор бараа залгуулдаг газар болж хувирсан. Манай дарга нар намаа манлайлж чадахгүй байж ховор бараанд манлайлж явдаг боллоо. Үүнийг Ардчилсан холбоо хална гэдэгт найдаж байна” гэсэн бол өөр хэд хэдэн хүн “Монголын нууц товчоо” Монголын ард түмний соёлын үнэт өв, гэтэл 750 жилийн ойг нь тэмдэглэх гэж байхад Дундговь аймаг таг чиг байна, Малчдын амьдрал ахуй дарга нарынхаас хол зөрүүтэй байна гэх мэтийн үг хэлж байлаа.

Манай цуглаанд ирсэн МоАХ- ын төлөөлөгч Ш. Төмөрбаатар Санжаасүрэнгийн Зоригийн мэндчилгээг уламжилж, МоАХ- ын гишүүдийн эгнээ 50 мянгад хүрснийг хэлж, Монгол хүний иргэний эр зоригийг бий болгож, айдсаа үргээх цаг болсон. Тэмцэл дөнгөж эхэлж байна гэж хэлж байсныг санаж байна. Тэр өдрийн цуглаанаас бид юу гэж уриалсан гэхээр, “Дуу хуурын гэж алдаршсан шигээ Монголын ардчилалд өөрийн гэсэн хувь нэмрээр түрлэг өргөе” гэсэн юм.

-Өнөөх эрх баригчдад хандсан шаардлагуудаа хэзээ нь өгсөн бэ? Үндэсний телевиз үздэг больё, Хүүхдийн хэсэг, хүүхдийн номын санд байр өгье гэх зэрэг шаардлагуудаа…

-Цуглааны дараахан өгсөн. АДХ- ын гүйцэтгэх захиргаанд өгсөн өргөх бичигт, “ Ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах, амьдралын сайн сайхны төлөө байнга анхаарах явдал манай зохицуулах зөвлөлийн гол зорилго билээ. Хүүхэд залуучуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, оюуны болон соёлын эрэлт хэрэгцээг хангах, чөлөөт цагийн байр танхимаар хангах нийгмийн асуудлаас аймгийн төр захиргааны байгууллага хол хөндий байдагт сэтгэл эмзэглэж байдгийн учир дараахь асуудлыг шаардлага болгож байна” гээд хоёр асуудал шаардсан. Нэгдүгээрт, өрөө тасалгаа ихтэй ч ашиглалт багатай байдаг аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн байранд хүүхдийн хэсгийг оруулах, Марксизм Ленинизмын оройн сургуулийн байрыг хүүхдийн номын сангийн мэдэлд шилжүүлэхийг шаардсан. Тэр үед хүүхдийн хэсэг хүйтэн, тухгүй, хүүхдийн номын сан ханан пийшинтэй жижигхэн гурван өрөөнд ажилладаг байсан юм. Мөн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Пионерын зөвлөл байрладаг Хүүхэд залуучуудын соёлын төвийг соёл хүмүүжлийнх нь зориулалтаар ашиглахыг шаардсан. Хоёрдугаарт, зохицуулах зөвлөлийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломж олгож,  харилцах данстай болгох асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Харилцах данстай болох асуудал тийм том хэмжээнд шийдэгддэг байлаа шүү дээ. Хүүхдийн хэсгийг өөр байранд шилжүүлэх гэдэг дээр  ард иргэдийн дэмжсэн гарын үсэг цуглуулж байлаа. Ингэж шаардлага тавьж байсан учраас Ардчилсан холбооны нэр хүнд Дундговь аймагт  богино хугацаанд өссөн.

- Үндэсний телевизийн нэвтрүүлэг үздэг болох тухай шаардлагаа хаана, хэнд өгөв?

- Тэрийг 3 дугаар сарын 17- ны цуглаанаас хойш Улаанбаатар хотод Ардын их  хурлын чуулган хуралдахад хүргүүлсэн юм. Цуглаанд оролцогчид БНМАУ-ын Ардын их хурлын чуулганд Ардын их хурлын депутат Дундговь амгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Б. Дамдинсүрэнгээр уламжлуулах нь гэж толгойлж бичсэн хүсэлт явуулсан. Үүнд, Нийслэлээсээ 260- хан км-т оршдог Дундговь аймгийнхан бид өдий болтол үндэсний телевизийн нэвтрүүлэг үзэж чадахгүй байна. Манай ард түмэн эх оронд өрнөж байгаа өөрчлөлт шинэлчлэлтийг төдийлөн үзэж сонсч чадахгүй, улс төрийн амьдралаас хол хөндийн байсаар байна. 8 дугаар таван жилийн эхний жилүүдэд ашиглалтад орох ёстой радио релейны шугамыг одоо болтол тавиагүй байгаа нь онцгой анхаарлын бүс гэж зарлагдсан Дундговь аймгийн хувьд тохирсонгүй. Иймд Дундговь аймгийн ард иргэдэд үндэсний телевизийн дахин дамжуулах станцыг МАХН- ын онц их хурлаас өмнө, шууд дамжуулах станцыг 1990 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахыг чин сэтгэлээсээ хүсч байна гэж бичсэн.

- Хүсэлт хэзээ биелэлээ олсон бэ?

- Үүнээс хойш удаагүй. Хаврын нэг өдөр дахин дамжуулах станц нээгдэж, манай аймгийнхан үндэсний нэвтрүүлэг үздэг болсон юм. Ингэж бид маш сайн мэдээлэлтэй болж ирсэн дээ.

- Ер нь бусад аймгуудтай харьцуулахад Дундговь аймагт ардчилал, өөрчлөлт шинэчлэлт ямар онцлогтой өрнөж байв?

- Намдуу тайван гэж хэлж болохоор байсан даа, ерөнхийдөө. Гэхдээ, мэдээж ардчилсан холбооны зохицуулагч нарыг хавчиж шахах, томилолтоор явуулахгүй байх, ажлын цагийг ягштал бүртгэх, тагнаж турших зэргээр амар тайван байлгаагүй. Зарим аймагт ардчилсан холбоо байгуулагдаад л  аймгийн удирдлагуудыг огцрохыг шаардсан байдаг. Бидний хувьд тэгээгүй. Нийтийн эрх ашигт нийцсэн асуудал хөндөж, нааштай шийдвэрлүүлэх замаар өөрчлөлтийг эхэлсэн.Тухайн үеийн Дундговь аймгийн удирдлагууд бидний шаардлагыг хүлээн авч, хамтран ажиллаж байсан юм. Дамдинсүрэн, Бат-Очир, Жанжаадорж, Чагнаа нарын даргыг энд дурьдах хэрэгтэй.

- Нэгэнт тодорхой үйл ажиллагаа өрнүүлээд эхлэхээр чинь мөнгө санхүү хэрэгтэй болно биз дээ? Тэрийгээ яажшуухан болгох уу?

-Ямар ч орлого байгаагүй. Халаас халааснаасаа мөнгө гаргана. Тэгтэл бид бас ажлаасаа халагдах нь халагдаад ажилгүй болчихсон. Ямартаа ч санхүүгийн эх үүсвэртэй болох хэрэгтэй гэж үзээд талхны цех нээж үзсэн. Видео кино гаргаж ч байлаа. Эрхбиш тав гурван төгрөг олно. Манай холбооны  М. Батзориг гэдэг залуугийн эхнэр бульчик хийнэ. Тэр нь их гоё амттай, гайгүй зарагдчихдаг байлаа.

- Ингэж байтал анхны чөлөөт сонгууль болоо биз?

-Тэгсэн. 1990 оны зун Ардын их хурлын сонгууль болсон. Энэ сонгуулиар ардчилсан хүчнээс хоёр депутат сонгогдож байлаа. Мандалговь хотын дарга М.Моёор аймгийн захиргааны орлогч дарга Х. Цэнд-Аюушийг ялж, Мал эмнэлэгийн салбарын эрхлэгч Ж. Хүүхэнбаатар Сайнцагаан сумаас сонгогдож байлаа. МҮДН-аас Улаанбаатар хотын захиргааны албан хаагч Ж.Наранцацралт төрөлх Өлзийт сумандаа нэр дэвшсэн боловч МАХН-ынхан сонгуулийг илтэд будлиантуулсан байдаг. Тэр үед ардчилсан хүчний сонгуулийн штаб гэж байсангүй. Сонгуулийн хороо, хэсэгт орж ажиллаж ч чадаагүй юм шүү дээ. Энэ үеэр миний бие “Шинэ үе” гэдэг сонин гаргалаа. Сониндоо сонгуулийн булхайг бичиж, шинээр байгуулагдаад байгаа Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг олонд мэдээлэхийг зорьсон. Сониноо “Улаан туг”сонины үйлдвэрт хэвлүүлнэ. Үүдний өрөөнд сахиж сууж байгаад сониноо хэвлүүлдэг. Нийтлэлээ нууц нэрээр гаргадаг байлаа. Хоёр дугаараас цааш сонингоо хэвлүүлж чадаагүй л дээ. Эхний дугаартаа сонгуулийн луйвар, будлиан, сонгууль юуг шинэчлэх вэ гэх зэргээр нийтлэл бичиж, хоёр дахь дугаарт Жанлавцогзол гэдэг номыг Готов багшийн орчуулснаар нийтэлж, Тагарваа ламын зургийг анх удаа тавьж, шашин шүтэх эрхийн тухай өгүүлж байлаа.

1991 онд аймгийн захиргаанд бүтэцийн өөрчлөлт хийж, аймгийн орлогч даргатай болдог юм байна. Аймгийн орлогч дарга буюу хүүхэд, боловсролын асуудал хариуцсан хэлтэс бий болгоод тэнд манай холбооны зохицуулагч Ж. Отгонбаярыг томилж байсан юм. Ингээд төр захиргааны ажилд ардчилсан хүчин төлөөлөлтэй болсон.

1990 онд аймгийн АДХ- д Ж.Отгонбаяр, С. Пүрэвсүрэн, Р. Дашдооров, 1992 онд ИТХ- ын төлөөлөгчөөр Н. Баасанхүү нар сонгогдож байсан юм. Харин 1996 онд АН-ын 13 гишүүн ИТХ-ын төлөөлөгч болж байлаа.

- 1996 онд Дундговь аймаг Ардчилсан намаас даргатай болж байсан. Гэхдээ сонгуулиар аймгийн ИТХ-д олонхи болж чадаагүй байдаг шүү дээ?

- Харьцангуй олон суудал авч чадсан ч ИТХ- д цөөнхи болж байсан. Тэр үед бид зөвшилцөл хийсэн л дээ. Зөвшилцөл хийх гэж бүтэн долоо хоног зарцуулсаны эцэст бид Ж. Хүүхэнбаатарыг  аймгийн Засаг дарга болгож байлаа. Яагаад ингэж зөвшилцсөн бэ гэхээр дээрээ Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялалт байгуулсан учраас Дундговийн хөгжлийг түргэтгэе л  гэвэл Ардчилсан холбоо эвслээс дарга сонгох нь зүйтэй гэдгийг ярьж, удаан зөвшилцсөний дараа Ардчилсан хүчнээс Ж. Хүүхэнбаатарыг аймгийн даргаар, МАХН- аас Чагнааг ИТХ- ын даргаар сонгож байлаа.

-Түүх он цаг улирах тутамд үнэ цэнэтэй болж байдаг. Харин үнэн л байх нь чухал байдаг.Тэртээх 1990 оны өнгө төрхийг сонирхуулж хуучилсан танд баярлалаа.

Эцэст нь нэг асуултад та хариулаач. Бид ийм ардчилалыг хүсээгүй гэж ардчилсан хувьсгалын анхдагчууд ярихыг олонтаа сонслоо. Ингэж гуйвсаны шалтгааныг та юу гэж боддог вэ?

-Үнэн л дээ. Бидний анх хүсч байсан тэр ардчилсан замналаар явахгүй байна. Харамсалтай. Ийм ардчилал хүсээгүй гэж хэлдэг хүмүүсийн нэг нь би. Шүүмжлэлтэй ч ханддаг. Асар муухай хуйвалдаан, эрх мэдлийн бялууралд автчихаад байна. Ардчилалын үнэ цэнэ хаанаа байгаа юм бүү мэд. Үүнийгээ ч ойлгоогүй. Ардчилал өөрөө буруутай биш юм шүү. Ардчилал бол зүй тогтол. Ардчилал бол зорилго.

1990 онд бид юу хүсч байсан бэ. Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан эрх чөлөөт нийгмийг хүссэн. Он цаг улирах бүр энэ бүгд улам бэхжиж явах ёстой атал одоо хар л даа, хүнлэг энэрэнгүй нь байхгүй, эрх чөлөө нь ч алга. Дүр эсгэсэн ардчилал л байна. Ардчилагчид өөрсдөө анархистууд болж хувирсан байна.

 Манай ардчилагчдад ялалт нь зохидоггүй юм. 1996 онд ард түмэн ялалт өгсөн үү өгсөн. Нөгөө намынхантайгаа нийлж байгаад Засгийн газраа дөрөв унагаад 2000 онд ялагдсан. 2012 онд эрх мэдэл өгөв үү өглөө. Тэгтэл бас л ажиллаж чадахгүй Засгийн газраа огцруулаад л явж байна. Засгийн газрыг огцруулна гэдэг муу үзэгдэл биш л дээ. Гэтэл хөгжлийн төлөө, монгол эх орны хувь заяаны төлөө огцруулж байна уу гэвэл үгүй байгаа юм. Хувь хүн, бүлэг хоорондын дээр доор орох гэсэн сонирхол л  яваад байна. 1990 оны тэр зарчмаас одоо бидний ардчилал ухралтад явж байна. 25 жилийн хугацаанд зөнгөөрөө л гэлдэрлээ шүү дээ. Ингээд цаашаа явбал улам л ухарна гэж би боддог.

1990 оны төр барьж байсан эрх баригчдаас одоогийн улс төрчид, Ардчилсан нам, МАН- ын алин ч ялгаагүй туйлын дор байна. Энэ төрх байдал арчсан толь лугаа тунгалаг болох цаг бий гэдэгт итгэдэг.  Энэ ардчилал, их үйл хэрэг журмын олон нөхдийн минь амь бие, хөлс хүчээр бүрэлдсэн юм шүү дээ.

-Баярлалаа, Танд

Дундговь Т. Отгонтуяа