sonin.mn

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн Дотоод мэдээний редакци болон Хүмүүн бичиг сонины хамт олон өнөөдөр Монгол Улсын анхны сайн малчин, ахмад дайчин С.Цэгмидийг хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар 1945 оны дайнд оролцсон Монголын 347 ахмад дайчинд “Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль” гардуулсан. Эдгээр ахмад дайчдын нэг болох 1942 онд  Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмний чин сэтгэлийн бэлгийг хүргэж өгсөн С.Цэгмид өдгөө 93 насыг зооглож байна. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын гуравдугаар багийн иргэн С.Цэгмидийг Монгол Улс төдийгүй ОХУ-д фронт Цэгмид гэдгээр нь сайн мэднэ. Түүнийг “Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль” авахаар нийслэлд хүрэлцэн ирсэн байх үед Дотоод мэдээний редакци урьж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр түүнд тус агентлагийн архивт хадгалагдаж байсан 1942 онд 19 настай охин Цэнд ЗХУ-ын дайчидтай гар барин мэндчилж байсан үеийн зургийг нь дурсгав. Аугаа эх орны дайны хүнд үед Монголын ард түмэн эх орноо өмгөөлөн босч тэмцэж байсан Зөвлөлтийн дайчдад хэрхэн сэтгэлийн бэлэг өгч байсан тухай, эх орны дайны жилүүдийн халуухан үйл явдлуудын талаар дурсан ярьсан юм. Тэрбээр өдгөө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3 дугаар багийн малчин бөгөөд нас хэдий хол дээр гарсан ч ухаан цэлмэг, ой сайтай, малч ухааныг хойч үедээ зааж сургаж явдаг гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Цэрэнжамц