sonin.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар Д.Цогтбаатар, Д.Энхтөр, Б.Чингүүн, П.Гансүх, М.Бат-Эрдэнэ, Н.Наранбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлын дагуу хянан хэлэлцээд шат шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх уг хэргийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-нд хянан хэлэлцээд Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан юм. Харин Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 5 жил, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус оноож, үүнээс 149.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоожээ. Түүнчлэн Н.Наранбаярыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, 1 жил хорих ял оногдуулж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ"