sonin.mn

АНУ-ын нэртэй хятад судлаач Дэвид Шамбоугийн “The Wall Street Journal” сонинд хэвлэсэн нийтлэлийг товчлон хүргэж байна.

Энэ сарын 5-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчид Бээжинд уламжлал ёсоор цугларав. Цөөнх ард түмний өнгөлөг содон хувцастай хүмүүсээс эхлээд Шанхай, Бээжин зэрэг мегаполист амьдардаг тэрбумтнууд хүртэл жил тутам болдог уламжлалт хуралдаа хүрэлцэн ирцгээжээ.

Тэд арваад хоног Хятадад улс төрийн төлөөлөл байдаг гэдэг дээр “жүжиглэн” улс орныхоо өнөөгийн байдлыг авч хэлэлцэх нь. Ер нь Хятадын улс төрийн тогтолцоонд доголдол гарч буйг тус улсын улс төрчдөөс илүү сайн мэдэх хүн хэн билээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин тэрс үзэлтнүүд, авилгачдын эсрэг шийдэмгий тэмцэж байгаа бөгөөд энэ нь үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэрээр ЗХУ-ыг нурааж бутласан М.Горбачевын хувь тавиланг давтахгүйг хичээдэг ч түүнтэй адилхан төгсч магадгүй юм. Хэт шийдмэг түүний алхмууд өөрийнх нь мөхлийг хурдасгаж болзошгүй.

Авторитар дэглэмүүдийн мөхлийг урьдчилан хэлэх амаргүй. 1991 онд ЗХУ-ыг үгүй болно гэдгийг барууны шинжээчид, тэр ч бүү хэл АНУ-ын ТТГ хүртэл урьдчилан хэлж чадаагүй шүү дээ. Үүнээс хоёр жилийн өмнө зүүн Европын коммунист дэглэмүүд нурж унасныг хэн ч урьдчилан хэлж чадаагүй. Улмаар, 2003-2005 онуудад Гүрж, Украин, Киргиз зэрэг экс-ЗХУ-ын улсуудад болсон “өнгөт” хувьсгал, 2011 оны Арабын “хавар”-ыг ч зөгнөсөн нь үгүй.

Хэдий тийм ч Хятадын байдлыг судалдаг хүмүүс сүүлийн жилүүдэд тус улсад тогтолцооны уналт болж буйг тэмдэглэх болсон билээ. 1989 онд Бээжингийн төв талбай Тяньаньменд болсон үйл явдлаас Хятадын төр засаг мөхлөөс арай хийн мултарсан бөгөөд тэр үед нэлээд хэдэн нэр хүнд бүхий хятад судлаач Хятадын коммунист намын манлайлал өнгөр­лөө гэж дүгнэж байсан нь бий. Би тэр үед тийм дүгнэлт хийж байсангүй.

Харин одоо цаг үе өөр болжээ. Хятадын коммунист намын манлайлал төгсгөл болж байх шиг. Гэхдээ энэ нам дотор илэрхий цууралт ажиглагдах хүртэл удирдлага нь тогтвортой байдлын дүр эсгэх нь гарцаагүй. Хятадын коммунистууд эрх мэдлээ тайвнаар шилжүүлнэ гэдэг юу л бол. Хятадын эрх баригчдын дэглэм нэг дор үгүй болно гэдэг эргэлзээтэй. Энэ дэглэм хир, цусанд хутгалдан харин ч удах болов уу. Би Си Зиньпинийг эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас, эсвэл төрийн эргэлтийн улмаас татан буулгана гэдгийг үгүйсгэхгүй ээ. Тэрээр авлигын эсрэг дэндүү эрс шийдмэг арга хэмжээ авч байгаа, өөртөө хэт итгэлтэй, нам, төр, цэрэг, бизнесийн тодорхой нөлөөллийг хэт их сандаргаж буй. Си Зиньпиний дэглэмд таван эмзэг хүчин зүйл байгааг тэмдэглэе.

Юуны түрүүнд Хятадын бизнесийн элит тус улсын эдийн засгийн тогтолцоо нурж эхэлбэл бөөнөөрөө хилийн чанад руу зүглэхэд бэлэн. Шанхай дахь “Hurun Research Institute”-ийн 2014 онд явуулсан судалгаанаас үзэхэд, Хятадын 393 тэрбумтан, саятан бизнес эрхлэгчдийн 64 хувь нь иргэншлээ солихыг завдаж байжээ. Ер нь баян хятадууд үр хүүхдээ гадаадын сургуулиудад суралцуулах нь хэвийн зүйл болсон аж.

Тэгээд ч санхүүгийн гэмт хэрэг хийсэн өндөр шатны албан тушаалтнууд гадаадад орогнох болжээ. Нөгөөтэйгүүр Си Зиньпин 2012 онд БНХАУ-ын дарга болохдоо аль 2009 онд эхэлсэн улс төрийн хэлмэгдүүллийг үргэлжлүүлсэн юм.

Үүний сацуу Хятадын удирдлагад сүүлийн жилүүдэд илт жүжиглэл ихэссэнийг тэмдэглэх хэрэгтэй. Өнгөрсөн зун би Си Зиньпиний “Хятад мөрөөдөл” гэгчтэй холбоотой бага хуралд оролцсон юм. Илтгэгчид илт уйтгартай царайтай, намынхаа жанжин чиг шугамыг баримталж байлаа. Хятадын эзэн хаан нүцгэн, намын суртал ухуулгын машин нь зогссон гэдэг илэрхий байсан юм.

Нэмж хэлэхэд, авилга, хээл хахууль Хятадын дээд удирдлага төдийгүй нийт нийгмийг хүрээлжээ. Хэдийгээр Си Жиньпин өмнөх удирдагчдыгаа бодвол авилгатай эрс шийдэмгий тэмцэж байгаа ч үр дүнд хүрэх нь юу л бол. Албан тушаалтнуудын авилгатай хийсэн тэмцэл нь Хятадын эдийн засагт бас сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тэгээд ч Си Зиньпиний авилгатай хийж буй тэмцэл ихэнхдээ БНХАУ-ын дарга асан, 88 настай Зян Земиний багийнхны эсрэг хийгдэж байгаа төлөвтэй.

Б.БАРС

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин