sonin.mn

БЕРЛИН. /NHK/. Германы автомашин үйлдвэрлэгч “Мерседес-Бенз” компани бүрэн автомат машинаа хэвлэлийнхэнд танилцууллаа.

Тус компани АНУ-ын Калифорни муж улсад өнгөрсөн бямба гарагт  сэтгүүлчдийг урин дөрвөн зорчигчийн багтаамжтай “F 015” автомашины туршилтын жолоодлогыг хийжээ.

2030 он гэхэд бүх машин бүрэн автомат болно гэж “Мерседес-Бенз”-ийн албаны хүмүүс урьдчилан таамаглаж байна.

Анхны бүрэн автомат энэ машин нь хажуугийн толь, цонхгүй аж.

Машин явж байхад урд талын суудалд суусан хүмүүс арын суудалд суусан зорчигчидтой юм ярихын тулд суудлаа 180 хэм эргүүлэх боломжтой.

Мөн зорчигчид өөрсдөө хурдаа тохируулж, хаалганы хажуугийн хавтан дээр дарснаар утсаар ярих боломжтой гэнэ. Мөн зорчигчид дүрс бичлэг үзэж болно.

“Мерседес-Бенз”-ийн захирал Александр Маньковский хэлэхдээ “хүмүүс энэ машин дотор ямар нэг стрессгүй, чөлөөтэй, нүүр нүүрээ хараад ярилцаад явж болно” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"