sonin.mn

Саяхны нэг өдөр Нацагдоржийн шагналт яруу найрагч С.Оюун утас цохиж “Миний дүү нутгийнхаа тухай нэг сайхан нийтлэл бичихгүй юу. Би Булганыхаа ойд зориулсан сонин дээр тавиадхая” гэсэн хүсэлт, шаардлагыг зэрэгцүүлэн тавилаа. Тэгээд би Булганыханд нутгийнхаа тухай хэрхэн, яаж бичих талаар баахан бодлоо. Бодоод байхнээ манай нутаг чинь үзэсгэлэн төгс байгалийн цогцлол, хүн амьдрах таатай орчин, үүх түүхийн улбаа зэргээрээ энэ Монгол Улсад өөр аймагтай адилтган зүйрлээд байхааргүй нутаг аж. Тэр тусмаа Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх түүхийг булганчууд л бүтээсэн байдаг юм байна.

Цогт хунтайжаас эхлээд Ханд ван, Хатанбаатар Магсаржав, Амар сайд, алаг морьт Дандар, залуу жүжигчин Лхагвасүрэн, Улсын баатар Нэхийт, Лхагвадорж гээд л нэрлээд байвал манай нутгаас төрөн гарсан эх орончдын тухай уртын урт жагсаалт хөврөхөөр ажээ. Тэрчлэн уурхайчин Даваажав, хоньчин Очир, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гээд л мөн л хойч үеийнхээ төлөө хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан энх цагийн баатруудын гавьяат үйлсийн жагсаалт шил шилээ даран үргэлжлэхээр аж. Үүнтэй зэрэгцэн алдарт Намхай, Лувсанжамбаа, Түвдэндорж, Цэрэн аваргаас өнөө цагийн Доржсамбуу, Эрдэнэт-Одыг хүртэл хүчтэнийг хүчгүйдүүлсэн бөхчүүдийн дараалал ч тоймоо алдахаар юм байна. Тэшүүрийн Цэнд, тив, дэлхийн аварга Даваажав гэхчлэн нэрлээд байвал спортын одууд нь ч хязгаараа алдчихсан юм байна. Дээр нь тэгээд Дандар аграмба, Угалзын багш, Гүтэмбэ хувилгаан гэх зэрэг сүсэгтэн түмний сэтгэлийг эзэмдсэн шашны мяндагтнууд, Ш.Гаадамба, С.Удвал, Л.Содов, Жан.Жагдар, С.Бадраа, З.Дорж, Д.Урианхай, Д.Баттогтох гээд л үгийн урлагийн бурхад нь ч цуваа болговол нэг хэсэгтээ тасрахааргүй юм байна.
 
Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, циркийн Раднаабазар, Хөх чоно Дамдин, Баатар ван Эрдэнэбулган, дуурийн Гантөмөр, Жавзандулам, ардын дууны ѫенч, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Булган гэх мэтээр нэрлэвэл урлаг, соёлын оддын бүхэл бүтэн армийнх нь эгнээ, цувааных нь ч учир олдохооргүй ажээ. Нэр нь дурдагдсан эдгээр хүмүүс бол булганчуудын дундаас төрөн гарсан гавьяат үйлсийг бүтээгчдийн өчүүхэн хэсэг нь л юм. Эд нар Булганыхны бүтээсэн түүхийг хэзээ ч бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй нь ойлгомжтой. Учир нь, булганыхан хүний түүхийн сүүлийн зуун жилд л гэхэд улс, орныхоо түүхийг бараг л дангаараа бүтээж өгсөн билээ. Тиймээс энд, тэндхийн ном, сонин бичигт Булган бол анхдагчдын өлгий нутаг, домогт баатруудын төрсөн нутаг, гавьяатнуудын унасан газар гэж цоллон дуудсан нь элбэг байдаг. Арга ч үгүй юм. Бидний өвөг дээдэс энэ улсын шилдгийн шилдэгүүд нь байсан гэдэгтэй хэн ч маргахааргүй юм билээ. Нэгэнтээ миний бие найзуудынхаа дунд ус нутгаараа бахархан ихээхэн додигор сууж байтал нэг анд маань танай нутгийнхан ер нь тэнэг улс гэж хэлж байна. Яагаад гэж асуутал “Булганы тэнэгүүд л үхэхээ мэдэхгүй дайн дажны манлайд сэлэм эргүүлэн давхиж байдаг, ихэс дээдэст нухчуулахаа мэдэхгүй хэрүүл, тэмцэл хийж л байдаг, бууны хошуунд суугаад сансар руу нисч л байдаг, нурангид даруулж үхэхээ мэдэхгүй уурхайн гүн рүү хүрз бариад мөлхөж байдаг. Танайхан ер нь тэнэг улс шүү дээ” гэж байна. Хошигнол хэдий ч энэ гайхалтай үнэн үг л дээ. ѫнэхээр ч манай булганыхан тэнэг улс л даа. Тэнэг тэнэгтээ “нэлээн юмтай” гэгээн тэнэгүүд л дээ.

Ингээд би нутгийнхаа 70 жилийн ойд зориулж С.Оюун найрагчийн захиалгыг биелүүлэх зорилгоор тэнэгүүдийнхээ тэнэглэлийн тухай тэнэг зүйл бичихээр шийдсэн юм. Манай Булганаас төрсөн ихээхэн тэнэг хүн бол яалт ч үгүй Цогт тайж. Аль тэртээ XVI зуунд хадан дээр шүлэг бичиж тэнэгтсэн гэж байгаа. Тэртэй тэргүй бийр янтай, бичиг цаас бий болчихоод байхад чулуун дээр шүлгээ цүүцээр цохиулаад зогсч байгаа хүнийг лав л эрүүл гэж хэлэхгүй байх. Монгол нутаг уудам, хаа сайгүй л шүлэг биччих хад, чулуу байна. Хүй нэгдлийн үеийн сүг зургууд, түрэг хэлтний чулууны бичээсүүдийг үл тооцвол бийр, цаас байхад Цогт тайжаас өөр хадан дээр шүлэг бичсэн тэнэг монгол хүн бусад нутгуудад лав л байхгүй байгаа юм. ѫр дүн нь Цогтын хадны шүлэг манай нутгаас олдсон эрт үеийн монгол уран зохиолын цорын ганц бодит дурсгал болсон л явдал. Бусад нутгийн ухаантнууд тэр үед цаасан дээр үүх түүх, шүлэг зохиолоо биччихээд авдар савандаа ачаалаад нүүж явсан юм гэнэ лээ. Харин Алтан ордны улсын нэг найрагч үйсэн дээр шүлэг бичдэг байсныг нь ухаантнууд булш руу нь хийчихсэнийг хожмын нэг сониуч нөхөр ухаад олчихсон юм билээ. ѫйсэн дээрх тэрхүү шүлэг Монголын эртний үеийн бас нэгэн шилдэг дурсгал болдог юм. Сүүлийн үед харин хүмүүс элдэв дуу, шүлгээ энд тэндхийн хад чулуун дээр ихээхэн сийлдэг болж. Иргэншил хөгжсөн XXI зуунд тэр нь ямар учиртайг бүү мэд. Ухаантнууд л мэдэх байх.

Дайчин ван Ханддорж бол Булганы тэнэгүүдийн толгойд бичигдэх хууль ёсны хүн яах аргагүй мөн. Тэртэй тэргүй монголчууд Манжийн засаг дор бөхөлзөж, хууль журмыг нь нэгбүрчлэн дагаж, мөрдөж байхад тэрбээр Далай ламд сүсэгтэн олноо мөргүүлэх гэж нууцаар өргөөндөө байлгасан гэж байгаа. Тэр үед Далай лам Манжийн хааны нэг номерын дайсан байсан юм билээ. Тэгээд ч зогсохгүй Далай ламыг нутагт нь эсэн мэнд хүргүүлэх гэж том хүүгээ хамгаалалтад нь явулсан гэдэг. Эцсийн дүнд манжууд хүүгийнх нь толгойг царан дээр тавиад өөрт нь өгч. Монголын ухаант ноёдод тэнэг Ханд вангаар дамжуулан сануулга өгч байгаа нь тэр. Гэтэл мөнөөх тэнэг Ханд ван Манжийн хааны үгэнд номхрох нь бүү хэл “Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр гаргахгүй” гэж омогшин тэмцжээ. Шороон түмэн хятад, манжийн эсрэг ганц муу ноёны үүсгэсэн тэмцлийнх нь дүн Богд хаант Монгол Улс. Эрх мэдэл, эд хөрөнгө, албат хамжлагаараа зард гарсан хангууд Ханд ванг ухаантны ширээнээс ажиглан сууж байгаад бялуу хүртэх болохоороо мэдээж түүнээс томыг олоод хүртчихэж. Ухаантнуудын ур мэх хэцүү шүү дээ. Мань эр Гадаад явдлын яам гэх мэдэл багатай, асуудал ихтэй албанд л тохоогджээ. Тусгаар тогтнолоо олон улсад зөвшөөрүүлээгүй байгаа улсад юун гадаад харилцаа байх билээ дээ. Угийн тэнэг хүн болохоороо Ханд ван Богдын төрийн үед ч тэнэгтэхээ мөн л зогсоогоогүй аж. Бадамдорж шанзав, Балингийн Цэрэндорж мэтийн дээдсүүд буурай монголчууд дангаараа тусгаар улс байна гэж юу байдаг юм, Хятадын хараат байх ёстой гэдэг алтан зарчмыг баримталж байхад тэрбээр тусгаар тогтнол гэж дэмий юм ярьж байгаад Дунд голын мөсөн дээр тархиа хагалуулан таалал болжээ. Ухаантнууд нь харин улам л цаашаа алдар хүндээ өсгөж, алт мөнгөө зузаалахаар хятад түшмэл Чэнь И-тэй 64 зүйл бүхий гэрээ байгуулан эцэст нь бүр Сюй Шү Жанд Богдынхоо төрийн тамгыг хураалган байж санаа нь амарчээ.

Ойгүй тэнэг булганчуудын тэргүүн тэнэгийн нэг бол Ерөнхий сайд агсан Анандын Амар. Ардын засгийн түүхэнд хоёр ч удаа Ерөнхий сайдын албыг хашиж явсан энэ тэнэг хүн хувьсгалын шуурган дунд ухаан дутаж яваад цээжин дээрээ таван хошуу сийлүүлэн харь Орост насан эцэслэсэн юм. Учир нь, тэрбээр улаан тугаар бүх ертөнцийг бүрхүүлэх гэсэн большевизмын эсрэг үндэсний онцлогтой бүрэн эрхт улс байгуулна гэж яваад санаандаа хүрч чадаагүй билээ. “Орос, Хятад хоёр хэзээнээс Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг заналхийлж ирсэн. Тиймээс манай улсад гуравдагч найдвартай түнш байх ёстой” гэсэн утгатай юм ярьж тэнэгтдэг байсан тэрбээр Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн зэрэг залуучуудыг хээрийн галуу үл хүрэх газраас эрдэм өвөрлүүлэхээр Германд сургахаар явуулсан гэдэг. Тэнэг хүний үгэнд орж, харьд номын дуу сонссон өнөөх залуучууд нь сүүлдээ хэлмэгдэж дууссан даа, зайлуул. Гэхдээ ууч сэтгэлээр хандахад Амар сайдын гадаадад сургасан залуус орчин үеийн соёл, боловсролын үрийг Монголд тарьсан гэж үзэж болох байлгүй дээ. Мөн тэрбээр бүх монголчууд Ленины сургаалийг бурханчлан тахиж, дээр доргүй пролетарийн ном зохиолыг мэддэг сүрхий хүн болох гэж хичээж байхад “Монголын түүхийн товч” ч гэх шиг илт үндэсний үзэл тунхаглан большевикуудыг эсэргүүцсэн ном бичиж тэнэгтэж байсан байгаа юм. Тухайн цаг үедээ шал дэмий зүйлд тооцогдож байсан тэр ном өдгөө үнэ цэнэтэй номын тоонд нэр нь дурдагдаж байдаг. Тэнэг хүн тэх дундуур нь буудсан юм байлгүй дээ. Хэрвээ Амар сайд зарим нэг ухаантай хүн шиг байсан бол оросуудтай учраа олон өрлөг жанжин, эцэг маршал болчихсоон явах байсан байлгүй. Тэрбээр тэнэг хүн болохоороо Ерөнхий сайд нь байж, нэг муу амбицтай До яамныхаа сайдад баривчлагдан Орост хүргүүлэн цаазлагдсан юм. Цаадахь нь тэнэг нэгэн байсан бол мань эрийг Монголдоо хорьж, цагдаж байгаад тавьчих байсан байлгүй. Ухаантай болохоороо харийн түрэмгийлэгчдийн хүчийг ашиглахгүй юу.

Сэлэм, жад эргүүлж явсан Булганы тэнэгүүдийн нэн тодорхойгүй жишээнд Хатанбаатар Магсаржав, алаг морьт Дандар, Сайханы Лхагвадорж гурав яалт ч үгүй орно. Хатанбаатар л гэхэд Ховдыг чөлөөлөх дайнд тэргүүн жанжин нь байж, солонгос кинон дээр гардаг жанжид шиг цэргүүддээ тушаал өгөөд зогсоод байхгүй өөрөө магнайд нь хэрэм рүү авирч тэнэгтсэн байгаа юм. Цээжээрээ хөө хуягархуу юм өмссөнийгөө амиа бүрэн хамгаалчих юм шиг бодсон шиг байна лээ. Толгойдоо хөө хуяг өмсч болохгүйгээс хойш тэнэсэн сум ирээд тархинд нь зоогдчихвол яах байсан юм бол, бүү мэд. Тэгээд ч зогсохгүй мань эр эрхэм дээдсүүд нь дээгүүрээ Хятадтай нэгдэх тухай тохироонд хүрэх гэж үгсч байхад доогуур нь хятадуудтай байлдаж, дайтаж баахан давхисан байгаа юм. Эцэст нь Монгол Улс тусгаар тогтнож байвал барав хэмээн тэнэг юм бодож Баронтой ч нэг нэгдэж, Сүхбаатарыг ч нэг дэмжиж баахан шуугисан юм билээ. Одоо мань эрийг Баабар мэтийн зарим хүмүүс ойгүй тэнэг амьтан байсан гэж элдэв нийтлэлдээ бичих юм. Ухаантай хүмүүс олон жилийн өмнөх явдлыг нүдээр харсан болохоороо зөв л юм бичиж байгаа байлгүй дээ. Алаг морьт Дандар ч дээ бас л тэнэг хүн. Халх голын дайнд япончуудтай нэгийгээ үздэг гээд цэргүүдийнхээ түрүүнд сэлэмнээс өөр юмгүй шахуу л дүүлээд байсан гэдэг. Амьд үлдсэн нь яамай. Орчин үеийн зэвсгээр араа шүдээ хүртэл зэвсэглэсэн япончууд Дандараас бусад руу нь чиглүүлээд л буудаад байгаагүй байлгүй. Тэнэг хүний тэнэгтэл ямар дуусах биш дээ. Дандар өөрийн биеэр амьд хэл олзлохоор дайсны нуувч руу мөлхөж яваад нэлээн булиа самуурайтай тулгарсан байгаа юм. Аз болж амь мултраагүй бол юун баатар. Ухаантай хүн байсан бол өөрөө явахгүй цэргүүдээ нэг нэгээр нь тагнуулд явуулаад дайн дуусгах байсан байлгүй. Дандарын тэнэг явдал үүгээр хязгаарлагдахгүй ээ. Цэргүүдийнх нь хүнсний үхрийг булаах гэсэн орос офицерыг буудаад алчихсан гэж байгаа. Ухаантай хүн байсан бол өөрөө тэгж ялтан болж зовохгүй муусайн цэргүүдээ хоолгүй хэд хоног өлсгөлөн байлгахгүй юу. Тэнэг болохоороо шударга зан гаргаж, насаараа хар бор ажил хийж амьдралаа дуусгахгүй юу даа.

Лхагвадорж ч гэсэн дээ, арга саам хэрэглээд аятайхан газар хэдэн цэрэг хооллоод явж байхгүй дандаа л хэцүү газар, хэцүү даалгавар биелүүлж яваад цэл залуугаараа харийн дайсны суманд өртөн бурхан болсон байгаа юм. Өөрөөсөө хэд дахин илүү хүчтэй дайсантай Лхагвадоржоос өөр хүн бол тулгарахгүй нэмэлт хүчээ ирэхийг хүлээгээд зугтчих байсан байлгүй. Гэтэл мань эр тэгээгүй байгаа юм. Тэнэгтээ л тэмцэлдэж яваад дуусахгүй юу. Өмнө нь ч гэсэндээ шуурганд уруудсан баахан адууг хил давуулахгүй гэж хөөцөлдөн хөлдөж үхэх шахсан байгаа юм. Тэгж осгон, дааран адуу малтай хөөцөлдөж байхаар цас хонхойлоод эвтэйхэн газар хэвтчихсэн бол болох байсан юм шиг санагдаад байгаа юм. Тэрбээр тэгэлгүй үзэж тарсаар байгаад нэг юм хил давуулаагүй юм билээ. Сайнаар бодоход Монголын буян болсон 70-хан мянган адууг хятадуудын хоол болгоогүй л юм билээ. Энэ мэт Лхагвадоржийн тэнэглэл их бий л дээ. Энэ чиглэлийн тэнэг хүмүүсийн тоонд жанжин Лхагвасүрэн яалт ч үгүй орно. Лхагвасүрэн жанжин 1940-өөд онд дэслэгч генерал цол аваад түүнээс хойш 50 шахам жил болоход ердөө л хурандаа генерал болсон буюу ганцхан удаа цолоо ахиулсан байдаг юм. Уул нь өнгөрсөн зуунд болсон хамгийн том дайнд ялалт байгуулсан жанжны хувьд маршал болох ч энүүхэнд л баймаар юм. Яахав, тэнэг юм болохоороо 50 жилд ганцхан удаа л цолоо ахиулахгүй юу. Хажууд нь цэргийн ямар ч мэдлэггүй санхүүч Юмжаагийн Цэдэнбал ухаантай юм болохоороо маршалын мундир зүүчихсэн гэж байгаа. Лхагвасүрэн жанжныг бүх цэргийн корпус командлан дайнд орж явахад модон буугаар тоглож байсан Бат, Дорж мэтийн нөхдүүд хүртэл армийн генерал болчихсон л цохиж явсан байгаа юм. Энд одоо юуг нь гайхаад байхав. Товчхон хэлэхэд ухаантай улс Лхагвасүрэн тэнэгийг өөд нь гаргахгүйгээ мэдэлгүй дээ.

Булганы тэнэгүүдийн нэлээн дээгүүрт хоньчин Очир, яруу найрагч Жан.Шагдар хоёр яалт ч үгүй орно. Хөгшин, залуу энэ хоёр тэнэг “Эргэх дөрвөн цаг” гэдэг малчны амьдралыг харуулсан баримтат тууж бичих асуудал дээр мөн л гүнзгий тэнэгтсэн байгаа юм. Шагдар нь баримтат тууж бичихийн тулд малчны амьдралыг дөрвөн улирал дамнуулан судална гэж айлын хоолны сав болж хэвтэж. Нөгөөх нь нэг амиар ганц цагийн дотор амьдрал ахуйгаа яриад өгчихгүй “Чи надтай цуг хонинд явж, хонины бэлчээр дээр мал яаж малладаг арга ухааныг судла” хэмээн зөвлөн тэнэгтэж, нэг муу үзэгнээс өөр юмгүй яруу найрагчийг гэртээ баахан байлгаж тэжээсэн байгаа юм. Ухаантай улс бол яаж тэгэхэв дээ. Нэг нь ярьсан болоод нөгөө нь тэмдэглэсэн болоод фантаазалчихгүй юу. Монголд чинь ер нь баримтат зохиолыг баримт цуглуулна гэхээсээ өмнө фантаазаараа бичдэг уламжлалтай шүү дээ. Харин энэ хөгжилтэй орнуудын сэтгүүлч, зохиолчид баримтат зохиол бичихийн тулд материал цуглуулж байгаа юм гээд нэг их цаг хугацаа зарж баримт цуглуулдаг юм билээ. Тэд нар ямар манай Жан.Шагдар шиг л тэнэг байв гэж, завтай болохоороо хий дэмий цаг нөхцөөж байгаа байлгүй.

МИАТ-ын дарга асан Сүрэнхорлоо, сансрын нисгэгч Гүррагчаа хоёр ямар нэгэн байдлаар Булганы тэнэгүүдийн тоонд орох хүмүүс. Дэлхийн татах хүчнээс бууны сумны хурдаар тасран нисэхийг эрүүл хүн л лав хүсэхгүй. Тэгтэл энэ хоёр Монголын хэдэн зуун эрчүүдийн дотроос хамгийн түрүүнд сансарт ниснэ гэж тэнэгтсэн байгаа юм. Нөгөө Ганзориг, Сайнцог нар нь орлон нисгэгч болон үлдэж, Булганы хоёр тэнэгийн аль нэг нисэх байсан юм билээ. Энэ тухай сансарт ниссэн Гүррагчаа нь нэг их дуугарахгүй байхад Сүрэнхорлоо нь “Намайг малчны хүүхэд биш тайжийн хүүхэд байсан болохоор нисгээгүй” гэсэн гомдолтой явдаг юм билээ. Тэнэгтэж л байхгүй юу. Үхэхээ мэдэхгүй сансар руу ниснэ гэдэгт юунд нь дурладаг юм. Бусад аймгийнхан сансарт нисье гэж дурлахгүй л байна. Ухаантай улс эрсдэлийг нь мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ сүүлийн үед Гүррагчаа, Сүрэнхорлоо гэдэг энэ хоёр хүн юм үзэж, нүд тайлаад ухаантай болчихсон болохоороо ч тэр юм уу булганыхан минь гэж романтик сэтгэлээр тэнэгтэхээ больчихсон байна лээ. Хүн ухаан суухаараа угаасаа л хувиа боддог доо. Өдгөө цагт ч Булганы тэнэгүүдийн уламжлал тасраагүй л байна. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гэдэг нэлээн тэнэг нөхөр хүмүүс номын дэлгүүрүүдийг бүгдийг нь архины мухлаг, тохиролцооны дэлгүүр болгоод ашиг, хонжоо хайж явахад хүүхдүүдэд номын дэлгүүр хэрэгтэй, би нүүдлийн номын дэлгүүр ажиллуулж, хүүхдүүдэд тусална гэж автобусанд номын мухлаг нээчихээд хөдөөгүүр явж байгаад хунгарт суун хөлдөж үхэх шахсан байгаа юм. Ойгүй тэнэг хүн байгаа биз дээ. Ядаж ноос, ноолуур ачаад ч юм уу бараа таваар зарж яваад хөлдөж үхэх шахсан бол баяжихын төлөө явж байгаад хөлдөж үхэх шахаж хэмээн бодохгүй юу.

Цэдэн-Ишийн Чинзориг гэдэг лайтай тэнэг хүн нэг байсандаа, зайлуул. Хүмүүс болсон, болоогүй л элдэв дуу, хөгжим компаниудын захиалгаар хийгээд баяжчихаад байхад мань хүн мөнхийн бүтээл хийнэ гэж зөрүүдэлж явсан байгаа юм. Чинзоригоос өөр хүн байсан бол жилд хоёроос гурван удаа тайлан тоглолт хийгээд, хуурцаг, CD гаргаад дорхноо баяжчихгүй юу. Тэгтэл мань эр Бетховен шиг, Моцарт шиг мундаг аялгуу бичнэ, авьяасаа тохиролцооны дэлгүүр болгохгүй гэж яваад олигтойхон шиг гэр орон ч үгүй дууссан байгаа юм. Гэтэл ухаантай ая зохиогчид яаж байна. Мөнхийн бүтээл хийнэ гэж тэнэгтэхгүй, мөнгөний бүтээл хийгээд болоод л байна шүү дээ. Булганы гайтай тэнэг бол Урианхай найрагч. Урианхай гуайг Төрийн шагнал аваад өгөөч гэж Ерөнхийлөгчийн тамгын газрынхан байнга гуйдаг юм. Тэгтэл мань хашир траншейд хүүхдүүдээ амьдруулж байгаа төрөөс би шагнал авахгүй гэж тэнэгтдэг юм. Монголын зохиолчдын эвлэлийн удирдлага удаа дараа надаар дамжуулж Урианхай найрагчийг Төрийн шагнал аваад өгөөч гэж гуйлгуулсан даа. Гэтэл ухаантнууд яадаг гээч. Би Ардын зохиолч болмоор байна, Төрийн шагнал авмаар байна гэж алд алдаар нь өргөдөл, хүсэлт биччихсэн гүйж явдаг юм. Монгол жүжигчин, монгол найруулагч Чингисийнхээ тухай киног хийж чаддаг гэдгийг харуулна гээд л Эрдэнэбулган хэмээн хүн сүүлийн үед огцом тэнэгтээд явж байгаа. Энэ хүн бас л Булганы тэнэгүүдийн сонгодог жишээ. Ухаантай хүн байсан бол юу гэж тэгж тэнэгтэж байхав дээ. “Манай арчаагүй, авьяасгүй, хонины мах иддэг жүжигчид надад Чингисийн дүрийг чинь бүтээж чадахгүй ээ. Танай япончууд л Чингисийн дүрд тоглож чадна. Харин би яахав, цөөн хэдэн төгрөг та нараас аваад ажилд чинь туслая” гэж хэлээд хэдэн ногоон цаас аваад кармаалчихаа мэдэхгүй байгаа юм. Хэн гэлээ дээ, Даваа ч бил үү, Гаваа ч бил үү нэг их ухаантай хүн одоо тэгээд л явж байгаа шүү дээ. Тэнэг юм болохоороо л монгол жүжигчидтэй цуг кино хийнэ гэж бадар барин харайж яваа байхгүй юу. Ухаан муутай амьтанд хэн туслахав дээ. Ухаан муутангууд л нэг тэрэгний дугуй болон өнхөрч байхгүй юу.

Булганы бас нэг цуутай тэнэг хүн бол иргэн Ламжав. Мундан ухаантай дарга нар улс, орноо яаж авч явахаа мэдэж байхад балай юм шиг л дарга нарыг эсэргүүцээд “Үндсэн хуулийн цэц” гэдэг газар руу өргөдөл бичээд гүйгээд байх юм. Яах гээд ч байгаа юм бол? Ухаантай хүн бол дарга нарыг шүүмжилдэггүй, дарга нарт дольдигонодог байхгүй юу. Дольдогонож гүйснийхээ хүчээр мөнгө төгрөг, алдар нэрийг олох шиг л болж байна шүү дээ. Гэтэл иргэн Ламжав иргэнээс өөр ямар ч цол гуншингүй, иргэнээс өөр ямар ч албан тушаалгүй тэнэгтэж яваа юм. Манай Булганы уугуул “Хонх”-ын Цогтсайхан гэж нэг тэнэг хүн байж байгаад өөд болсон доо, хөөрхий. Саяхны нэг сонин дээр УГЖ Сосорбарам ардчиллынхны тухай ярилцлага өгөхдөө “Би жинхэнэ ардчиллагч гэж Цогтсайханыг хэлнэ. Бусдыгаа дулаан хөнжилд дугжирч байхад тэр ухуулах хуудас тараагаад хөлдөж үхэх гээд гүйж явсан юм” гэж хэлсэн байсан. Цогтсайхан ухаантайдаа биш тэнэгтээ л бусдын өмнөөс нохойд барьдаг мод болоод явж байхгүй юу. Гэтэл яасан гээч, нөгөө дулаан хөнжилдөө дугжирч байсан хүмүүс нь өнөөдөр Монголын ардчиллын бэлгэ тэмдэг болчихоод л улс төрийн өндөр албан тушаалыг оймс шиг солин цохиж яваа шүү дээ. Тэнэг юм болохоороо Цогтсайхан өөрийгөө олигтойхон шиг эмчлүүлж чадахгүй дуусч, нөгөө ухаантнууд нь ардчиллын ухуулах хуудсуудыг би хэлээрээ долоогоод л нааж явсан хэмээн ярьцгааж байна шүү дээ. Ухаантай хүмүүс түүхийн хүрдийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн гуйвуулж байгаа нь тэр байхгүй юу.

Энэ мэтээр Булганы тэнэгүүдийг бичээд байвал дуусахгүй шүү дээ. Түвдэндорж аварга гэхэд л арав түрүүллээ энэ тэр гэж хүмүүс тоо хөөцөлдөхийг мэдсэн бол бусдад боломж олгож байхаар арав түрүүлчихдэг байж гэж тэнэгтсэн гэж байгаа. Одоо ч гэсэн миний үеийнхэн дунд Булганы тэнэгүүд тэнэгтсээр байгаа олон жишээ бий л дээ. Дорждамбын Баттогтох гэдэг миний үеийн нэг гайхалтай яруу найрагч байж байгаад 26-хан насандаа таалал болсон юм. Баттогтох ах дүүсийнхээ хамаг хөрөнгийг үрээд гадаад, дотоодод явж эмчлүүлсэн бол өдийд амьд сэрүүн байж болох л байсан юм. Гэвч тэрбээр “Дарсны хундага харилцан адилгүй байлаа ч архины согтоох чанар нь нэг л байдаг юм. Хүний амьдрал ч гэсэн урт, богино наслахдаа биш чанартай амьдрахдаа л байдаг юм. Өөрийн эрх ашгийн төлөө бусдын амьдралыг үрээд яахав” гэж зөрүүдэлсээр байгаад дуусчихсан билээ. Ухаантай хүмүүс бол өөр шийдвэр гаргах байсан байлгүй дээ. Баттогтохыг цусанд нь оршиж байсан өвөг дээдсүүдийнх нь тэнэглэл хатгаад байсан юм байлгүй. Ер нь Булганы тэнэгүүдийн тухай ийнхүү баримт дурдаад байвал дуусахгүй аж. Эцэст нь хэлэхэд, өвөг дээдсээс минь удамшиж ирсэн энэхүү тэнэг араншингаа булганыхан бид хэзээ ч гээж болохгүй юм. Угтаа бид тэрхүү араншингаа л гээчихвэл энэ улс, орныг оршин тогтнуулахад гүйцэтгэдэг нэг өвөрмөц содон ген устчих юм билээ. Тиймээс булганыхан бид бурханаас авсан тэр л араншингаа, тэр л хувь зохиолоо үр ачдаа өвлүүлэх ёстой. Тэр бүхэн бидний бодитойгоор оршиж буйн мөн чанар юм.

“Хүр хорхойн засаглал” ном /60-70-р тал/

Зохиолч Ц.Буянзаяа