sonin.mn

МОСКВА. /Sputnik/. АНУ-ын Техас муж улсын сенатч Тед Круз 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээ өнөөдөр зарлалаа.

“Твиттер” хуудаст тавьсан 30 секундын дүрс бичлэгтээ Круз “Аугаа Америкийг илүү хүчирхэг болоход туслахаар эрэлхэг консервативчуудын шинэ үе гарч ирэх гэж байна. Би та бүхэнтэй хамт тэмцлийг удирдахад бэлэн байна” гэжээ.

Виржиниа муж улсын Линчберг хотын Эрх чөлөөний их сургуульд /Liberty University/ өнөөдөр үдээс хойш Круз ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлана.

Өдгөө 44 настай Круз 2012 онд Техасын 34 дэх сенатчаар сонгогдож байжээ. Тэрбээр хэд хэдэн хороо, тэдгээрийн дотор Зэвсэгт хүчний асуудал хариуцсан хороо, Эдийн засгийн нэгдсэн хороонд ажиллаж байсан аж.

Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилгууд, үүний дотор “Obamacare” эрүүл мэндийн шинэчлэлийн хөтөлбөрийг тэрбээр шүүмжилж байсан юм. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэхийн тулд илүү шийдэмгий арга хэмжээ авахыг тэрбээр уриалж байсны зэрэгцээ Украин руу галт бус зэвсэг нийлүүлэхийг Вашингтонд санал болгож байжээ.

Канадад төрсөн ч АНУ-ын иргэн болсон Круз нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой хүн юм. Тэрбээр гэрлэсэн бөгөөд хоёр охинтой аж.

 Г.Доржханд

Эх сурвалж : "Монцамэ"