sonin.mn

“Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-аас шувууд өндөр хүчдэлийн шугамын тогонд цохиулж ихээр үхэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр, судлаач Б.Батбаяр, Д.Батмөнх болон тус төвийн төслийн менежер Г.Батбаяр нар хийв.

Монгол Улсад жилд 4000 орчим идлэг шонхор тогонд цохиулж үрэгддэг ба энэхүү үзүүлэлтээр дэлхийд дээгүүр байранд ордог байна. Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс Сүхбаатар аймгийн Уулбаян-Мөнххаан сумыг холбосон 56 км урт, 15кв-ийн түгээх шугамын ойролцоо судалгаа хийсэн бөгөөд жилийн хугацаанд 520 идлэг шонхор болон шилийн сар, начин шонхор, ойн сар зэрэг шувууд үрэгджээ. Судлаач Б.Батбаяр "2011 оны нэгдүгээр сарын 25-ны Засгийн газрын 23 тоот тогтоолоор идлэг шонхор шувууны экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөг гэж тогтоосон. Энэ тоог жилд үрэгдэж байгаа идлэг шонхрын тоог үржүүлвэл Монгол Улс 64 тэрбумын төгрөгийн хохирол учирч байна. Тиймээс хоёр тэрбум төгрөгийг гарган шувуудыг аюулгүй болговол 64 тэрбумыг хэмнэх боломжтой. Иймээс холбогдох албан байгууллагууд нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж анхаарууллаа.

Ж.Батсайхан



Эх сурвалж : "Монцамэ"