sonin.mn

2010 онд Өрсөлдөөний тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ШӨХТГ нь орон нутагт улсын байцаагчтай байна гэсэн заалт орж, эрх зүйн нөхцөл бүрдсэн ч өнөөдрийг хүртэл төсөв, бүтэц нь батлагдаагүйн улмаас орон нутагт Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад учир дутагдалтай байсаар байна.


Өөрөөр хэлбэл ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага хэдий ч өнөөдрийг хүртэл орон нутагт орон тооны улсын байцаагч ажилуулах нөхцөл үүсээгүй байна. Энэ ч үүднээс орон нутагт аж ахуйн нэгжүүд шударга бусаар өрсөлдөх, хэрэглэгчдийн эрх ашиг хохирох тохиолдолд иргэд хаана хандаж эрх ашгаа хамгаалах эсэх нь тодорхой бус байсаар байсан юм.


Иймд ШӨХТГ-аас аймгуудын Засаг Даргын Тамгын газрын хууль зүйн газрын дарга нарт улсын байцаагчийн эрх олгож хууль хэрэгжүүлэх чиг үүргийг ногдуулсан бөгөөд энэ онд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн мэдлэг мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт, семинарыг анх удаа бие даан зохион байгууллаа.


Уг сургалт, хэлэлцүүлгийн үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “ШӨХТГ дээр ирж буй бичгийн 80-90 хувийг хэрэглэгчийн санал, гомдол давамгайлж байгаа нь биднээс тодорхой шийдлийг нэхэж байгаагийн илрэл юм. Өнгөрсөн 2014 онд 2869 өргөдөл, гомдол хүлээж авсны 1600 орчим нь барилгын м2 болон СӨХ, Харилцаа холбооны зохицуулах салбарууд дээр зонхилж байна. Бидэнд тулгамдаж буй эдгээр асуудлууд ч хөдөө орон нутагт ажиллаж байгаа та бүхэнд ч их бага хэмжээгээр учирч байгаа байх. Иймд төв болон орон нутгийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарснаар шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр илүү их ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.
Хоёр өдөр үргэлжилсэн сургалт, хэлэлцүүлгийн үеэр орон нутаг хариуцсан байцаагч нар Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй асуудлуудын талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцаж, мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.