sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Мал эмнэлгийн үйлчилгээ явуулах тухай” А/202 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтанд 2015 онд хийх  гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, лабораторийн шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тус тус баталлаа.
Уг ажлын хүрээнд дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлуудыг даалгалаа. Үүнд:

    Дүүрэг хорооны нутаг дэвсгэрт байгаа мал амьтныг гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс  урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, туулгалт, угаалга, боловсруулалт,  ээмэгжүүлэлт, бүртгэл  шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх  төлөвлөгөөт  ажлыг орон нутагтаа  шуурхай зохион байгуулах
    Малчид, мал бүхий иргэд орон нутгийн төр захиргааны  байгууллагуудыг татан оролцуулах, ажиллах хүн хүч,  тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах
    Мал амьтны гоц халдварт, халдварт өвчин гарах эрсдэл ихтэй байгааг харгалзан   мал, амьтны шилжилт  хөдөлгөөнд  тавих хяналтыг сайжруулах, мал амьтны  хашаа, байр  болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх ажлыг зохион байгуулах

Мөн Улаанбаатар хотод мал, амьтныг гоц халдварт, халдварт паразиттах  өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тандалт шинжилгээ, оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг цаг хугацаанд нь зохион байгуулж, шаардагдах биобэлдмэл, вакцин, эм урвалжийг хугацаанд нь хүргэн, мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн  газарт үүрэг болголоо.
 
Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандалт шинжилгээ, оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, бэлэн байдлыг хангахад шаардагдах зардлыг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан мал эмнэлгийн үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.