sonin.mn

Монгол Улсын хөрөнгө оруулалтын асуудлаар Улаанбаатар, Лондонгийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн санхүүгийн шинжээч, Independent Mongolian Metals & Mining Research буюу “Хараат бус Монголын уул уурхай, санхүүгийн судалгаа эрхлэгч Dale Choi” гэж нэрээр зах зээлд танигдсан Чойнхорын Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрбээр Лондонгийн их сургуулийн Санхүү эдийн засгийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй ажээ.

.

-Сайн байна уу. Таныг хөрөнгийн зах зээлд шинжилгээ, судалгаа хийдэг гэж сонссон? Энэ талаараа тайлбарлаж өгөөч.

-Миний хувьд гадаадын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй хувьцаат компаниудын үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, үүнийгээ борлуулдаг. Хараат бус, бие даасан байдлаар ажлаа явуулдаг. Брокерууд буюу sell side болон худалдан авагч буюу buy side-д орохгүй гэсэн үг. Тэгэхээр миний зөвлөгөөг сонсоод тухайн хувьцааг заавал авах ёстой гэж ойлгож болохгүй. Би санхүүгийн шинжээчийн хувьд бодит тоо баримтыг хүмүүст хэлэхийг эрмэлздэг.

.

-Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалт муудаж байна. Гадаадын биржүүдэд бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ямаршуу байна вэ?

-Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт багасч муудахад энэ гадаадын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй Монголын компаниудад шууд нөлөөлдөг. Монголд нөлөөлж эхлэхээс өмнө шууд нөлөөлж байдаг. Тиймээс Монгол дахь хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын барометр бол ерөөсөө эдгээр компаниудын хувьцааны өсөлт бууралт байдаг. Тийм болохоор Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьд байдал мөн адил хэцүү байна. Би нэг компанийг онцолж ярьмаар байна. Учир нь энэ компанийн нөхцөл байдал Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын байдал шууд уялдаатай харагддаг юм.

.

-Ямар компанийн тухай ярьж байна вэ?

-Энэ бол Саусгоби Ресурс компани. Анх маш амжилттай ажиллаж байгаад өнөөдөр уналтад ороод байгаа компани юм. Тус компанийг анх Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийж нэг ширхэг хувьцааг 17 ам.доллараар үнэлж 459 сая ам.долларын хөрөнгө босгосон байдаг. Энэ үеийн зах зээлийн үнэлгээ 2.7 сая ам долларын үнэлгээтэй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын уурхай ирээдүйтэй, цаашид хөгжинө гэж харж байсан. Саусгоби 2011 онд 4 сая тонн нүүрс экспортлоход манай улс БНХАУ-д нүүрс нийлүүлэгч улсуудыг тэргүүлж, Австралийг өмнө орж байлаа. Өнгөрсөн сонгуулийн үеэс эхлэлтэй, цаг хугацааны хувьд харамсалтай давхцлын улмаас өнөөдрийн эмгэнэлт байдалд хүрсэн гэж боддог.

.

-Та энэ компанийн сүйрлийг манай улсын хууль тогтоомжоос болсон гэж хэлэх гээд байна уу?

-Мэдээж хэт туйлширч зөвхөн Монголын буруу гэж ойлгож болохгүй. Нүүрсний зах зээлийн сулрал, нүүрсний үнэ унасан нь зэрэг нөлөөлсөн. Гэхдээ хамгийн том хүчин зүйл нь хууль тогтоомж байсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч Хятадын Чалко компанид Саусгобигийн 56 хувийг зарах санхүүгийн хэлцлийг 2012 оны сонгуулийн өмнө зарласан. Тэр үед популистууд хятадын компани авах нь гэсэн сэтгэлийн хөдлөлөөр хандаж гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг санаачилж батлахад хүргэсэн. Тухайн үед “ТуркойзХилл” компани Саусгобийн 56 хувийг эзэмшдэг байсан бөгөөд Чалкод нэгж хувьцааг 8.48 канад доллараар үнэлж нийтдээ 898 сая ам.доллараар зарахаар тохирсон байдаг. Нэг үгээр хэлбэл, дээрх хоёр компани “Саусгоби Ресурс”-ийг тухайн үед 1.5 тэрбум ам.доллараар үнэлж байв. Гэтэл одоогийн байдлаар “Туркойз хилл ресурс” компани өөрийн эзэмшлийн 56 хувийг хятадын компаниудад 78 сая ам.доллараар зарах гэж байна. Энэ бол тэдний хувьцааны үнэлгээ 95 хувиар буурсан дүн. Өөрөөр хэлбэл, нэгж хувьцааны ханш нь 0.35 цент болсон хэрэг. Ханшийн ийм уналт хөрөнгө оруулагчдын хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж болно.

.

-898 саяаас 50 сая доллар болж бууна гэдэг маш их уналт байна даа?

-Хамгийн сонирхолтой нь энэ мөнгөний зарцуулалт байсан юм. Туркойз Хилл компани уг хэлцлээс олсон мөнгийг Оюутолгойн бүтээн байгуулалтанд зориулах байсан. Тэгэхээр энэ мөнгө манай улсын халаасанд орох байлаа. Учир нь бүтээн байгуулалтад дийлэнх нь монгол хүн, үндэсний аж ахуйн нэгжүүд оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэтэл манайхан хориг тавьж эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Үүнийг эдийн засгийн ёс зүйн хохирол буюу moral hazard учруулсан гэж хэлж болно. Мэдээж бодлого тодорхойлогчдын гаргасан шийдвэртэй шууд хамаатай асуудал шүү дээ. Эндээс гарах сөрөг үр дагаварын хохирогчид нь Оюутолгой компанийн бүтээн байгуулалтад оролцох монгол компаниуд, тэдний ажилчид. Хэрэв ийм асуудал үүсээгүй бол дор хаяж найман сарын туршид сард дунджаар100 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж байсан. Одоогоор Төвбанкнаас гаргасан статистикаас харвал сард 42 сая ам.доллар орж ирсэн байна.

.

-Саусгоби сэндсийн тухайд хэл ам тасардаггүй. Компанийн санхүүгийн тайлан буруу, мөнгө нуусан, авлига өгсөн гэх мэтчилэн маш олон зүйлийг дурдаж болно. Тус компанийн тайланд шинжилгээ хийсэн гадныхны дүгнэлт бий юу?

-Байлгүй яахав. Санхүүгийн шинжээчид бидний хувьд аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд шинжилгээ хийдэг ном дүрэмтэй. Тиймээс санхүүгийн шинжилгээний тулгуур нь санхүүгийн тайлангийн аудит юм. Тэгэхээр Саусгоби Ресурс нь олон улсад нэр хүнд бүхий хөрөнгийн хоёр ч зах зээлд хувьцаагаа гаргасан. Тиймээс санхүүгийн тайланг худлаа бичих, татвараас бултах, авлига өгөх ямар ч боломжгүй. Хөрөнгийн зах зээлд гарч байгаа компанийн мөнгө, хөрөнгийн эргэлт алган дээр тавьсан мэт ил тод байдаг. Маш сайн компанийн засаглалтай байж хөрөнгө оруулагчдыг татна. Би санхүүгийн шинжээчийн хувьд дээр дурдсан хэрэг гэх зүйлүүд Саусгобид байхгүй гэсэн ойлголттой байна. Мэдээж би аудитор биш учраас шууд тодорхойлж, дүгнэлт хийх хүн биш.

.

-Одоогийн байдлаар Саусгоби Ресурсийн хувьцааны ханш ямар төвшинд байна вэ?

-Саусгоби сэндскомпанийн хувьцаа саяхныг хүртэл 0.34 канад долларын үнэтэйбайсан. Гэвч сонирхолтой нь сүүлийн сард 1.06 канад доллар хүртлээ сэргэсэн байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид энэ компанийн бизнесийг сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэж харж байна. Тус компани нийт 219 сая ширхэг хувьцаатай, 235 сая долларын зах зээлийн үнэлгээтэй байна.

.

-Саусгоби сэндс компани 35 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн нь манай шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин үүнийг тэд эсэргүүцэж байна?

-Татварын маргаан дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Уг нь татварын маргааныг шийдвэрлэх дүрэм, журам, процессийг татварын хуулинд маш тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн зохих үйл явц явах ёстой байгаа юм. Гэтэл ингэж явуулсаар эрүүгийн хэрэг болгосныг би төдийгүй олон хүн гайхаж байна. Манай улсын хуульд зааснаар санаатайгаар нуун дарагдуулсан, оргон зайлсан, их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж заасан байдаг. Гэвч Саусгоби сэндсийн тухайд олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан, үйл ажиллагаа нь явж байгаа, уурхай болон үйлдвэр нь манай улсад бий. Хүмүүс нь ажлаа хэвийн хийж байхад эрүүгийн хэрэг үүсгэсэнд эргэлзэж байгаа. Тиймээс хууль, эрхзүйд ноцтой зөрчил гарчихлаа гэж ойлгож байна. Хэрэв энэ удаагийн шүүхийн шийдвэр компанийн эсрэг гарвал байдал тус компанид маш хүнд болно гэж харж байгаа юм. Одоогоор тус компанийн дансанд хоёр сая ам.доллар бий гэж мэдээлсэн. Тэгэхээр өр барагдуулахад хэцүү гэсэн үг.

.

-Хэрэв компанийн эсрэг шийдвэр гаргачихвал дотоод болон гадаад ертөнцөд ямар байдал үүсэх вэ?

-Саусгоби сэндс дампуурах эрсдэлтэй гэж өөрөө хүртэл зарласан. Харин гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын бодлого тодорхойлогчид үндсэндээ тус компанийг дампууруулсан гэж харах байх. Маш эрсдэлтэй асуудал. Ер нь манай улсыг өрнөдийн чадалтай хөрөнгө оруулагчид зүгээр л орхиж байна. Тиймээс бид амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээд барахгүй, нулимчихлаа шүү дээ. Бид өөрсдийнхөө ухсан нүхэнд ойччихлоо гэж хэлж болно. Эндээс манай улсын уул уурхайн, эдийн засгийн ирээдүй бүрхэг болж байгааг харж болох юм.

.

-Таныхаар бол яаж шийдэх ёстой вэ?

-Би хөндлөнгийн ажиглагч учраас шууд заах нь утгагүй. Тиймээс шууд ингэ, тэг гэж хэлэх нь зохимжгүй юм. Гэхдээ санхүүгийн шинжээчийн зүгээс харахад энэ хэргийг яг зөв хууль тогтоомж, процессийнх нь дагуу шийдэж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдад маш том эерэг мессеж өгөх болно.

,

Д.Оюунчимэг