sonin.mn
Ирэх 4 дүгээр сард Гадаад хэргийн сайд нарын гарын үсэг зурах  ёстой  газрын тосны хаягдлаас сэрэмжлэх тухай гэрээ цуцлагдахад хүрчээ.
Найман улс багтдаг Арктикийн зөвлөлийн хуралдаан 4 дүгээр сарын 24-25-ны өдөр Канадын Икалуит хотод болох ёстой юм. Тэнд энэ сард  болж өнгөрсөн  Арктикийн зөвлөл болон арктикийн бүс нутгийн ууган үндэстнүүдийн ашиг сонирхлыг төлөөлөх  байгууллагуудын өндөр албан тушаалтнуудын уулзалтаас баталсан баримт бичигт гадаад орнуудын гадаад хэргийн сайд  нар гарын үсэг зурах ёстой.  Хэрэгжүүлэхээр батлах баримт бичгүүдийн дунд газрын тосны хаягдлаас сэрэмжлэх хүрээнд   зөвлөлийн гишүүдийн  хамтарсан гэрээ бий.  
 
Гэвч энэхүү баримт бичигт гарын үсэг зурах боломжгүй болжээ. Учир нь Канад, Орос улсын оролцох аливаа гэрээнээс татгалзаж буй юм. Түүнээс гадна  сайд нарын түвшний анхны бүрэлдэхүүнд ч бас нэлээд өөрчлөлт оржээ. Канадын ГХ-ийн сайд Роб Николсон  уг уулзалтад оролцохоос татгалзжээ.  Энэ удаа Оттаваг  Канадын ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн ерөнхий захирал Сьюзан Харпер төлөөлнө хэмээн "Известия" сонин өнөөдрийн дугаартаа уламжилжээ.  
ГХЯ- ны сайд нарын уулзалт болон  баримт бичигт гарын үсэг зурах энэхүү  арга хэмжээг    чухамхүү  Канад улс тасалдуулж буйг Норвегид төвтэй Арктикийн зөвлөлийн төвөөс нотолжээ.
 
Сануулахад,  АНУ нь Украины сөргөлдөөний   улмаас  Орос улсын эсрэг  хатуу байр суурь эзлэн, тус улсын эсрэг хоригуудыг санаачилсан юм. Үүний  дараа Орос улсын эсрэг хоригт Европын холбооны орнууд болон Канад улс нэгдсэн. Түүнчлэн Канад улс Оросын зарим өндөр албан тушаалтнуудыг тус улсын хилээр нэвтрэхийг хоригложээ. 
 
Арктикийн зөвлөл 1995 онд Финлянд улсын санаачилгаар байгуулагдсан. Энэ бол  Арктикийн тулгамдсан асуудлуудыг судлах зорилготой байгуулагдсан олон улсын  хамгийн том форум. Арктикийн байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжилтэй  холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх зорилгоор  Арктикийн зөвлөлд Норвеги, Швед, Финлянд, Дани, Исланд, Канад болон АНУ ( арктикийн найман орон) , байнгын зургаан оролцогч байгууллага болоод  ОХУ –ын  Хойд туйл,  Сибирь болон Алс-Дорнодын жижиг үндэстнүүд ба  гвинчүүдийн Олон улсын зөвлөл нэгдэн оржээ.
 
Москва хот А.Огторгуймаа