sonin.mn
МОСКВА. /mid.ru/. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Хятадын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гопин, Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нарын зөвлөлдөөний хоёр дахь үе шат БНХАУ-ын нийслэл Бээжин хотод гуравдугаар сарын 23-нд боллоо. Уулзалтын үеэр ОХУ, Хятад болон Монгол Улсын төрийн тэргүүн нар 2014 оны есдүгээр сарын 11-нд Тажикистаны нийслэл Душанбе хотод уулзах үеэрээ гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцан тохиролцсоныг хэрэгжүүлэх арга замыг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.
 
Гурван талын хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, хил орчмын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын болон олон улсын асуудлыг хамарсан бүрэн хэмжээний цогц шинж чанарыг агуулсан байх ёстой гэдэгтэй талууд санал нэгджээ.
 
Гурван орны тэргүүн нарын хоёр дахь уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд ОХУ, Хятад болон Монгол Улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх Замын зургийг боловсруулах нь зайлшгүй чухал болох тухай, түүнчлэн Орос-Монгол-Хятадын эдийн засгийн зурвас байгуулах хэтийн төлвийн талаар санал бодлоо солилцжээ.
 
Уулзалтын үеэр худалдаа-эдийн засгийн чиглэлд, түүний дотор худалдааны салбарын өсөлтийг хангах, гадаад худалдааны төлбөр тооцоонд үндэсний валютыг ашиглах, зам тээвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг онцгой анхааран хэлэлцсэн байна.
 
Түүнчлэн, талуудын санал нэгдэж буй бүс нутгийн болон олон улсын асуудлуудаарх гадаад бодлогын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг хэлэлцжээ.
 
Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд хийх дараагийн гурван талын зөвлөлдөөн ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Зөвлөлдөөнийг явуулах огноог дипломат шугамаар тохиролцоно.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ"