sonin.mn

ШӨХТГ-ын даргын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр баталсан 1/7 тоот удирдамжийн дагуу зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтад Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал,“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдав. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т даалгажээ.
Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон байна:
ГэтэлЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 4.1.1-т тус тус заасан Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгожээ.
Уг зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647,710,000 төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагын нэг удаагийн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг 55000 төгрөг байхаар тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 728 тоот тушаалыг үндэслэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дарга Л.Батцоож 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/30 тоот тушаал гаргаж, бүх төрлийн суудлын автомашиныг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 55,000 төгрөг байхаар тогтоож дээрх зөрчлийг арилгасан гэж үзэхээр байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 559, 658, 870, 22, 42 тоот гэрээ байгуулах эрх шилжүүлэх тухай тушаалуудаар ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах газрын даргад нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг түр саатуулах байр байгуулж ажиллуулах, зориулалтын чирэгч, ачигч автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх” гэж заасан байх ба зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бүрэн эрхтэй байна.


Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын 2.1-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба нь тээврийг хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын 2.1-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 6-д заасны дагуу зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагчийн шийдвэрээр тусгай хашаа /талбай/-нд зөөж шилжүүлнэ”. 2.4-д “Зөөж шилжүүлэх шийдвэр гаргасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч тухайн тээврийн хэрэгслийн гадна талд үзлэг хийнэ” гэж тус тус заасан байна.
Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бүрэн эрхийг гагцхүү хяналтын улсын байцаагч эдлэх бөгөөд хяналтын улсын байцаагчийн эзгүйд аж ахуйн нэгж байгууллагын ажилтан зөөж шилжүүлэх эрхгүй байна.
Цагдаагийн ерөнхий газар нь аж ахуйн нэгжүүдэд замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн шийдвэргүйгээр бусдын тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх эрх олгосон, хууль бусаар үйлчилгээний хуурамж хураалгасан зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрхолгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно. 13.2-д Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.7-д аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг тус тус зөрчжээ.


2. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлжээ.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийнЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт болон Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан бөгөөд хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон.
Тодруулбал “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байна.
Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний 2.1-т үйл ажиллагааны орлогын 10 хувийг нийслэлийн төрийн сан 200051068 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу 2014 онд 8448, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 3298, нийт 11746 тээврийн хэрэгслийн дугуйг тус тус түгжиж, нийт 234,9 сая төгрөгний орлого олсон бөгөөд 23,4 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээс 82 хувийг буюу 19,2 сая төгрөгний орлогыг төвлөрүүлжээ.
Иймд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан, Нийслэлийн Засаг дарга нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах эрх олгосон зэрэг үйлдэл нь тус тус Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрхолгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно. 13.2-д Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.7-д. Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Зөрчилтэй холбогдуулж ШӨХТГ-аас дараах арга хэмжээг авахаар болов:

Өрсөлдөөний тухай хуульд заасныг үндэслэн зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлэх, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах;