sonin.mn

ПАРИС. /ANADOLU/. Францын Альпын нурууны алслагдсан бүсэд осолдсон нисэх онгоцны хар хайрцгийг эрлийн багийнхан олсон гэж тус улсын Дотоод хэргийн сайд Бернард Казнев мэдэгдлээ.

Казнев ослын бүсэд очсон байна.

Сайд хэвлэлийнхэнд “Ослын шалтгааныг мөрдөн шинжээчид тогтооход хар хайрцаг тус болно. Хэрвээ хохирогчдын ар гэрийнхэн хүсвэл ослын бүсэд тэднийг хүргэхийн тулд Засгийн газар чадах бүхнээрээ тусална” гэжээ.

Хямд үнээр тээвэрлэдэг, иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцонд сууж явсан 150 орчим зорчигч, нисэх багийн зургаан гишүүн бүгд амь үрэгдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

Испанийн Барселон хотоос Германы Дюссельдорф хот руу нисч байсан уг онгоц мягмар гарагийн үдээс өмнө 11:00  цагийн үед радарын дэлгэцээс алга болсон гэж иргэний агаарын тээврийн асуудал хариуцсан албаны хүмүүс хэлсэн юм.

Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил хэдийн эхэлжээ.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг