sonin.mn

Аяга, таваг угаагч угааж цэвэрлэгч бодис нь хүний эрүүл мэндэд хор хүргэж байдгийг анхаарч тун хэмжээг нь тааруулж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Цэвэрлэгч бодисыг хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад төгс цэвэрлэх гээд хэтрүүлэх нь аюултай гэдгийг сануулж байна. Хүчтэй, гаж нөлөө ихтэй химийн бодис сонгож авснаар бид өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа тэр бүр мэддэггүй. Харин хамгийн сайн цэвэрлэгч нь химийн хүчтэй бодисуудтай байдаг. Эдгээр бодис нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байдаг.

Иймд аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй. Ихэнх аяга таваг угаагч нь аммоны сульфат, дээд спиртүүд, хлор, бисульфат, өнгө, үнэр оруулагч бодисуудыг агуулсан байдаг. Иймд аяга таваг, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угааж цэвэрлэсний дараа маш сайн зайлж цэвэрлэх шаардлагатай. Химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй болохоор аюулгүй, сөрөг үр дагаваргүй гар доорх хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломж байдгийг санаж байх хэрэгтэй.

Тухайлбал: Хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг. Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг. Хүнсний уксусыг /манайхан “орос цуу” гэж хэлээд сурчихсан байдаг/ цайны жижиг халбага хоёрыг 1 литр усанд хийчихсэн байхад л шил, толь, плита цэвэрлэх маш сайн уусмал болдог.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг