sonin.mn


Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг ОБЕГ-аас улсын хэмжээнд маргааш зохион байгуулна.

Иймд иргэд дуут дохио дуугарах үеэр айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцохыг албаны хүмүүс зөвлөж байна. Газар хөдлөлтийн үед болон дадлага сургуулийн зарлан мэдээллийн дохиог ОБЕГ-т хэрэгжиж буй  “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах" төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхгаар дамжуулах юм. ОБЕГ дахь Зарлан мэдээлэх удирдлагын төвөөс Улаанбаатар хотын хэмжээнд суурилуулсан дуут дохиоллын зарлан мэдээлэх 60 ширхэг цамхаг, дахин дамжуулах 4 бааз станц, өргөн нэвтрүүлгийн олон нийтийн 3 телевиз, 9 FМ, Одон орон геофизикийн судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, Мобиком, Юнител ХХК-уудтай холбогдож үйл ажиллагаагаа 24 цагийн туршид тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлсэн байна. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үеэр зарлан мэдээллийн харилцаа холбооны бүх боломжит сувгуудыг ашиглан явуулах юм. Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээллийг хүргэх гэнэ. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  ач холбогдолтой аж.

Б.Туул