sonin.mn

ПАРИС. /ВВС/. Иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн “4U 9525” дугаартай нислэгийг үйлдэх явцдаа осолдсон нисэх онгоцны зорчигчид, нисэх багийн гишүүд болох 150 хүний ар гэрийнхэн болон найз нөхөд Францын Альпийн нуруун дахь ослын газарт очно.

“Germanwings”-ийн толгой компани болох “Lufthansa” Испанийн Барселон болон Германы Дюссельдорфоос Францын Марсель хот руу хоёр тусгай нислэг үйлдэх аж.
Мягмар гарагт осол болохын өмнөхөн хоёр нисгэгчийн нэг нь бүхээгээс гараад буцаж орж чадаагүй гэсэн мэдээлэл байна. Албаны хүмүүсийн хэлснээр, ганц ч хүн амьд үлдээгүй юм.

“Germanwings”-ын дарга Томас Винкелманы хэлснээр, 72 зорчигч нь Германы иргэн бөгөөд тэдний 16 нь солилцооны аяллаас буцаж явсан сурагчид байжээ .
Испанийн Засгийн газрын мэдэгдсэнээр, энэ ослын улмаас тус улсын 52 иргэн амиа алдсан байна.

Бусад хохирогч нь Австрали, Аргентин, Их Британи, Иран, Венесуэл, АНУ, Нидерланд, Колумб, Мексик, Япон, Дани болон Израилийн иргэд байв.“Germanwings” нь Германы иргэний агаарын тээврийн гол компани “Lufthansa”-гийн эзэмшилд багтдаг бөгөөд хямд үнээр зорчигч тээвэрлэдэг агаарын тээврийн компани юм.

Г.Доржханд