sonin.mn
Цахилгааны тоолуурт холбогдоогүй айл өрхүүдээс хогны төлбөрийг цуглуулах ажлыг зохион байгуулах юм байна. Ингэхдээ хог тээврийн бүс болгонд татварын байцаагч ажиллуулахаар болжээ. Хог хаягдлын үйлчилгээний хураамж нь татварын нэг төрөл болсонтой холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна.Тухайн татварын байцаагч нь айл өрхөөс хогны төлбөр цуглуулах орон тооны бус ажилтныг өөрийн удирдлаган дор ажиллуулах аж. Төлбөр цуглуулагчаар ажиллах иргэнийг тус хорооны болон тухайн хороонд байгуулагдсан хадгаламж зээлийн хоршооны ажилтнаас  сонгон ажиллуулах юм байна. Төлбөр цуглуулсан иргэнийг   хогны төлбөрийн хэмжээнээс хамааруулан урамшуулах юм. Түүнчлэн Хогны менежментийг сайжруулахаар хийж байгаа гол ажлын нэг бол хог тээвэрлэгч байгууллагуудад хогийн түр цэг, бункер, хогийн сав, ангилан ялгалт, хог ачих хуваарийг иргэд аж ахуйн нэгжүүдэд тараах, сурталчилах, гудамж талбайд цэвэрлэгээ хийх, хороо, СӨХ, иргэдтэй хамтран ажиллах асуудлыг бүхэлд нь хариуцуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан хог тээвэрлэгч байгууллагын дунд хог хаягдлын шинэлэг менежентийн төслийн уралдаан зарлахаар болсон байна.
 
Энэхүү хог цуглуулалт тээвэрлэлт, төлбөр цуглуулалт, санхүүжилт, хяналтын нэгтгэсэн системийг хэрэгжүүлснээр ил задгай хог хаягдал багасч, иргэдийн оролцоо нэмэгдэн, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ хэмээн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн  гишүүд үзжээ. 
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ"