sonin.mn

2015 оны хичээлийн жилд бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус хөтөлбөрийг Монгол Хятадын соёл боловсролын сангаас санаачлан Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар болон МУИС-ийн Күнзийн институтээс хамтран зохион байгуулжээ. “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр Монгол Улс даяарх хятад хэлний хичээл ордог сургуулиудаас онц сурлагатай, хятад хэлний тэмцээн уралдаанд амжилттай оролцдог сурагчдад олгодог. Харин “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр нь ар гэрийн боломж тааруу, өрхийн жилийн орлого доогуур, онц сурлагатай, дүнгээр дээгүүр ордог сурагчдад олгодог байна.

МУИС-ийн Күнзийн институтын захирал, Монгол хятадын соёл боловсролын сангийн нарийн бичгийн дарга доктор Жү Жүнлү хэлэхдээ, “Манай сан 2014 оны 7 дугаар сараас эхлэн  Монголд эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ар гэрийн боломжгүй сурагчдад тусалж, сурагчдын хятад хэл сурах эрмэлзлэлийг улам бадрааж, монгол хятад хэлний боловсролыг хөгжүүлэн, соёлын харилцааг сайжруулах зорилготой. Сан байгуулагдсан цагаас хойш 2 удаа сурагчдын дунд, нэг удаа оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулсан. Нийт тэтгэлгийн хэмжээ 388.000 юань хүрээд байна. Бид улам хичээж, Монголын боловсрол соёлын ажилд хувь нэмрээ оруулах болно” гэв.

Энэ удаагийн шалгаруулалтад 314 сурагч өрсөлдсөнөөс “Мөрөөдлийн од” хөтөлбөрт 31, “Ирээдүйн од” хөтөлбөрт 11 сурагч шалгарч, тус бүр 3000 юаньтай тэнцэх тэтгэлэг хүртлээ. Мөн Дархан хотын Цайхун сургуулиас санал болгосны дагуу нэг сурагчид 600 мянган төгрөгийн тэтгэлэг олгов.

Багш нар энэ хөтөлбөрүүд Монгол Улсад хэрэгжсэнээр сурагчдын сурах идэвх эрс нэмэгдэж, хятад хэл сурах сонирхолтой сурагчдын тоо өсч байна гэж байсан бол Найрамдал сургуулийн сурагч Э.Наранцэцэг энэхүү тэтгэлэг амьдралд нь тус нэмэр болоод зогсохгүй хятад хэл сурах сонирхлыг улам нэмэгдүүллээ гэсэн юм.

Энэхүү хөтөлбөрийг жил бүр хавар болон намрын хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулах юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг