sonin.mn
 
БЕРЛИН. /BBC/. Францын өмнөд нутагт сүйрсэн Airbus A320 онгоцны ослоор амиа алдсан зорчигч бүрийн ар гэрт санхүүгийн яаралтай тусламжийн хувиар Германы агаарын тээврийн “Lufthansa” компани 50 мянга хүртэл евро олгоход бэлэн байгаа аж.  
Ийм хэмжээний нөхөн төлбөр олгох боломжтой тухай “Tagesspiegel” сонинд урьд нь мэдээлж байсан бол дээрх мэдээллийг тус компанийн төлөөлөгч албан ёсоор нотолжээ. Хэрэв шаардлагатай бол амиа алдсан зорчигчдын төрөл төрөгсдөд санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа “Lufthansa”-гийн удирдлагууд мэдэгдсэн байна.
 
“Lufthansa”-гийн охин компани болох “Germanwings” компанийн Airbus A320 онгоц мягмар гарагт Барселоноос Дюссельдорфын чиглэлд нисч байхдаа Францын зүүн өмнөд хэсэгт Альпийн нуруунд осолдсон билээ. Ослын улмаас 150 хүн амиа алдсан байна.
 
Онгоцны хоёрдугаар нисгэгч Андреас Лубитз эрүүл мэндийн асуудлаа “Germanwings” компаниас нууж байсныг мөрдөн шалгалтын явцад олж авсан мэдээлэл харуулжээ. “Airbus A320” онгоцны хоёрдугаар нисгэгч онгоцыг зориудаар сүйрүүлсэн байж болзошгүй гэж Францын Марсель хотын прокурор пүрэв гарагт  мэдэгдсэн билээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг