sonin.mn
 
 
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажиллалаа. Энэ анги нь батлан хамгаалах салбартаа бүтээн байгуулалтыг өрнүүлдэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой. Барилга инженерийн тусгай хороо байхаас эхлээд улс орны бүтээн байгуулалт, Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр нь яндашгүй их. Ц.Цолмон сайд хаврын улирал айлчилж, хаа саагүй бүтээн байгуулалт өрнөх цаг эхэлсэн энэ үед барилгын ангид ажиллаж хийж хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөг сонсохын сацуу тулгамдаж буй асуудлыг нь сонссон юм. 
 
Түүнийг дагалдаж Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа, хэлтсийн дарга, хурандаа О.Баянжаргал нарын албаныхан ажилласан. Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хамт олны хувьд 2012 оноос хойш бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцох болсон байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цогцолбор барилгууд, Завхан аймагт офицер, ахлагч нарын албан тушаалын 24 айлын орон сууц,  Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад “Шинэ сум” төслийн барилга үйлдвэрлэлийн ажлаас эхлээд батлан хамгаалах салбарт өрнөж буй бүтээн байгуулалт бүхэн энэ ангитай салшгүй холбоотой. Мэдээж шинээр барьж байгуулахаас гадна зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн байр байшинг засч шинэчлэх ажлыг мөн давхар хариуцан гүйцэтгэж буйгаа ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир хэлж байв. Тэр  ч бүү  хэл, хоёр жилийнхээ ашгаар ангидаа спортын төв барьж салбарынхаа төсвөөс хэмнэсэн тухайгаа ч дуулгасан. Гэхдээ ангийн техник хэрэгсэл нь хуучирсан, үүнийгээ дагаад шатахууны хэрэглээ нь өндөр гараад байгааг хэлж байсан юм. 
 
Батлан хамгаалах сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарт орон сууцны шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ нь урьдчилгаа төлбөргүйгээр цалингийн шаталсан тодорхой хувиар албан хаагчид орон сууцтай болох боломж  юм. Энд хэн нэгнийг албан тушаал, ажил орлогоор нь алагчилж үзэхгүй бөгөөд энэ  ажлыг нь Зэвсэгт хүчний 017 дугаар анги нугалах учиртайг Ц.Цолмон сайд  хэлсэн. Тэрээр мэдээж их ажил нугалах хамт олон учраас багаж техникийг нь шинэчлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн юм.