sonin.mn
 
УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа. 
 
-Намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Та хүлээлтийн хэмжээнд асуудлаа шийдэв үү. Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Асуудлуудынхаа ард гарч чадах уу?
 
-Амьдралаа дөрөв дөрвөн жилээр харах, дахиад түүнийгээ хуваагаад намар хавраар нь харах. Ингэсээр бид ер нь балраад байна шүү. Одоо арай өөр мөчлөгөөр хармаар байна. Өнгөрсөн 25 жилд бид юу хийж амжуулав, яаж онов, юуг алдав, цаашдаа ингээд л яваад байх уу? гэж л хармаар байна. Дараагийн мөчлөгөө арай урт хугацаагаар хармаар байна. Одоо ингэх цаг болсон. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал орж ирэх сураг байна. Энэ л юу юунаас чухал гэж харж байна. Ер нь бол энэ улс орон хаосын төлөвт орчихлоо, удирдлага алдагдсан.
 
Стратегийн бодлого аль хэдийн алга болсон. Үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Парламент нь компаниудын лоббины хуулиуд баталдаг л газар болсон. Энийгээ "хямралаас гарах гэж либералчилж байна" гэж л тайлбарладаг. Зүйрлэвэл, живж буй хөлөгнөөс даахын хэрээр өвдөл цөвдөл зөөж буй хархнууд л энүүгээр гүйлдээд байх шиг заримдаа санагддаг юм. Энд сэтгэл зүйн нэг фактор ажиглагдаж байгаа нь, ер нь энэ тогтолцоо явахаа байлаа, түүнээс өмнө амжъя гэсэн эрмэлзэл өөрсдийгөө "элит" гэж боддог хэсэгт лав суусан байна.  Тоон үзүүлэлтээр их бага ажилласан тухайд УИХ-ын дарга дүгнээд хэлчихсэн. Чанарын тухайд бол хүн бүр янз бүрээр л дүгнэх байх даа.
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийх ёсгүй гэсэн байр суурийг та илэрхийлж байгаа. Таныхаар энэ өөрчлөлт яаж хийгдэх ёстой юм бэ?
 
- Хувьсгал, шинэтгэлийн хамгийн аядуу хувилбар гэж Үндсэн хуулийн асуудлыг их ч удаан ярьсан даа. Нийгэм, тэр дундаа эрх барьж байгаа хэсэгт үүнийг хүлээн зөвшөөрсөн нь маш сайн хэрэг. Гэхдээ энэ үйл явцын өрнөл дунд нөгөө "люмпэн элитүүд" маань унахгүйн тулд санаачлагыг гартаа авахыг оролдож байна. Стратегийн хувьд хэдийн ялагдсан ч тактикаар амжилт олох гэж чармайж байна. Эхлээд өөрчлөлтийг нөгөө "дордуулсан долоон өөрчлөлт"-ийг авч хаяснаар хязгаарлахыг оролдсон, харин одоо өөрсдийн хувилбарыг зүтгүүлэхийг оролдож байна. Хэрэв тэдний хүслээр болбол "хувьсгал биш хуйвалдаан" болно. "Сахил хүртээд шал дордох"-ын үлгэр л болно доо. Үүний эсрэг зөвхөн шинэтгэл, хувьсгал  яригчид төдийгүй залуучууд, ард олноороо нэгдэх ёстой. 
 
1992 оны Үндсэн хуулийг Ардын Их Хурал буюу Монгол орны өнцөг булан бүрээс ажилчин, малчин, тариачин, сэхээтэн гээд нийгмийн бүхий л давхаргыг төлөөлсөн 430 депутат оролцож баталсан юм. Үндсэн хууль бол бидний хамтын амьдралын суурь гэрээ, үндсэн баримт бичиг. Яг л ийм бүрэлдэхүүн оролцож хэлэлцэж батлах ёстой гэж бодож байна. 
 
Одоогийн УИХ тийм бүрэлдэхүүнийг орлож чадахгүй. Эрх мэдэл, санхүүгийн нөөцөөр сонгогдсон, нам дамжсан цөөн хүмүүсээс бүрдсэн бүлэглэл, түүний гар хөл бологчдын орогнож буй гажуудсан тогтолцоог хамгаалагч, өөрчлөлтийг эсэргүүцэгч бүтэц бол өнөөгийн УИХ. 2012 оноос хойш олон асуудлын шийдэл үүнийг нь баталсан. 
Үг хэлэхдээ зөв зарчимлаг ярих боловч кнопоо удирдагчийнхаа, нөгөө "нууц ноёнтныхоо" заавраар дардаг, өөрийн эрх чөлөө байхгүй, өөрийгөө хариуцлагаас мултлах хамгийн сайн арга нь асуудлын шийдэлд оролцолгүй картаа сугалж л гардаг, ийм хүмүүс УИХ-д олонх болчихоод байна. Чухам үүнийг популизм гэдэг. Ашиг завшаан хайгчид, хямралаас хонжоо ологсод, хий хоосон цэцэрхэгчид, улс үндэстнээ дорд үзэгсэд, угаадас ахиухан долоосон уяаны нохдын төлөөлөл л энд ноёлж байна. 
Ийм бүлэглэлээр Үндсэн хуулийг өөрчлүүлж, батлуулж яавч болохгүй. Хэрэв ингэвэл тэр бүлэглэлийн хуяг дуулгыг өөрсдөөр нь бэлтгүүлсэн хэрэг болно. 
 
-Энэ парламент батлахгүй бол хэн батлах вэ?
 
-УИХ-ын гишүүн болмогцоо тангараг өргөхийн өмнө өөрийн хувилбараа санал болгосон. Тэр бол одоогийн парламентыг бүрдүүлж байгаа хүчнүүд хувь тэнцүүгээр  түр засгийн газар бүрдүүлж улс орны өдөр тутмын амьдралыг зохицуулж явах ёстой. Одоогийн УИХ дараагийн Үндсэн хуулийг батлах бүрэлдэхүүнийг сонгох зохион байгуулалтыг хийгээд тарах. 1992 онд 430 гишүүн байсан бол одоо 500-600 хүн, тэр дундаа өнөөгийн эрх баригчдаас өмнө  нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан, алдаа оноо эдэлж туршлагажсан хүмүүсээ бүгдийг нь оролцуулаад нухацтай ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Засаглалын хэлбэрийн тухайд Ард нийтийн санал асуулгаар шийдэж болно. Одоо монголчуудад талцал хуваагдал биш нийгмийн томоохон зөвшилцөл хэрэгтэй байна. Би үүний төлөө байгаа.
 
-Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа гишүүд 1992 оноос хойш УИХ-д суусан, туршлагатай хүмүүс ажиллаж байгаа гэж ойлгож байгаа? Та тэднийг Үндсэн хуулийн төсөл бичих ёсгүй гэж хэлэх гээд байна уу? 
 
-Үндсэн хуулийг зөвхөн хуульчид өөрчилнө гэдэг нь хэт догматик ойлголт. Энэ бол эрүүгийн эсвэл иргэний хууль биш. Үндсэн хууль бол улс үндэстнийг нэгтгэх үнэт зүйлийн хураангуй, чиглүүлэх зорилго, зорилтыг томъёолдог чиглүүлэгч туг нь, энэ бол нийгмийн зөвшилцөл, нийгмийн гэрээ, тунхаг болохоос хууль биш. Үүнийг философийн  үүднээс авч үзэх ёстой гэдэг байр суурьтай би санал нэг байдаг. Хуульч гэдэг чинь нэг л мэргэжил шүү дээ. Яг бичиг цаасандаа тулахаараа мэдээж тэднийгээ ашиглалгүй яахав. 
 
-Хүмүүсийн хаврын хууч хөдөлж янз бүрийн л улс төрийн акц хийж эхэллээ гэж байна. Таныг С.Баярцогтын асуудлаар улс төр хийж эхэллээ, Жастин Каплад уучлал үзүүлсэн Ерөнхийлөгч рүү хандсан улс төр хийгээд эхэлчихэв үү гэж харагдахаар байна. Та чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ?
 
-Баримттай, бодтой асуудлуудыг хөндөж тавилаа, олонх хамгаалаад үлдлээ. Надад нэг мэргэжлийн давуу тал байдаг. Шүүхдэлцсээр байгаад заавал цаастай ярьдаг, ингэхгүй бол надад хар толгойгоо хамгаалах өөр арга хэрэгсэл байхгүй.  С.Баярцогтыг нэг удаа хамгаалаад үлдсэн ч ТЕГ-тай нягт холбогдсон, ТЕГ-ын "ассет" ажилтны байгуулсан "Пэйнтер" хуулийн фирмийн асуудал, "Оюутолгой" ордын асуудлаар 17,5 тэрбум төгрөгийн зөвлөгөө өгөхөөр гэрээ хийсэн компаниуд, эдгээртэй холбогдож байгаа манай эрх мэдэлтнүүдийн асуудал нээлттэй хэвээр үлдлээ. Намайг биш тэрнийг нь ухаасай. Хүний мууг үзэхдээ биш, энэ төрийнхөө юу болчихоод байгааг ухаарахад хэрэгтэй учиг юм даа, уул нь. Энэ асуудал их ч хол үргэлжилнэ дээ.  
 
Ерөнхийлөгчийн тухайд хууль зөрчсөн, Монгол Улсын шүүхийг үгүйсгэсэн. УИХ-аар дамжуулж ҮХЦ-д хандах асуудал тавина. Бичгээ бэлэн болгосон, хуульчдаас  зөвлөгөө авч хянуулж байна. Гаднынханд тал засаад, дотогшоо зальдаад Сандо амбан шиг аашлаад байгаа нөхрийг өөр яах юм. Энэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр англи хэлний курст сурснаараа Үндсэн хуулийг зөрчиж болдог гэж бодоод байдаг юм бол хэн энэ улсын эрх баригч вэ гэдгийг Үндсэн хууль өөрчлөгдөхөөс өмнө харуулмаар байгаа юм. Өөрсдөө зөрчиж болдог учраас Үндсэн хуулийг хамгаалдаг байж болохгүй биз? Харин ч Үндсэн хуулийг хамгийн их шүүмжилдэг ч би л лав хэзээ ч Үндсэн хуулиас давж гишгэж байгаагүй, энэ ялгааг ирэх чуулганаар олж харах биз. ҮХЦ-ийг бас их харж байна, яаж ажиллах нь вэ гэж. "Цэц" нэрээр баахан хуучин матрёшка өрөөд тавьчихсан шилэн витрин болчихоогүй гэж найдаж байна. 
 
Чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулзлаа. Сэлэнгийнхний хүсэлтээр Мандал сум, Хэрх тосгонд очиж Ноён уулын асуудлаар иргэдтэй нь уулзаж ярилцлаа. Мөн Түрээсийн хуулийн төслөө бичиж дууссан, ирэх хаврын чуулганаар оруулахаар төлөвлөж байна. Албан байгууллага, хөдөө орон нутгаас  уулзах хүсэлт тасрахгүй, ачаалал ихтэй л байна. Нэг мэдэхэд чуулганы нээлт хаяанд тулчихаж.  
 
-Ирэх онд сонгууль болно. Гишүүд болон нэр дэвших хүсэлтэй хүмүүс аль хэдийнэ нэр дэвшиж болох магадлалтай тойргууд руугаа анхаарал хандуулаад эхэлчихлээ. Та Сэлэнгэ аймагт нэр дэвшинэ гэв үү?
 
-Боссон ч, суусан ч, ам ангайсан ч хувь хүн сонгуульд чиглэсэн улстөрөө хийж байна гэх боллоо. Манай нийгэм тэр аяараа өвчилсний шинж энэ шүү дээ. Сонгууль дөхөж байнаа. УИХ-аас гадна хүмүүсийн элдвийн хүсэлт олшроод, пиар агентлагууд идэвхжээд, төдөн төгрөг өгвөл тэгж ч пиарыг чинь хийе гээд эхэллээ. Ганц парламентад биш Монголын нийгэмд тэр аяараа сонгуулийн уур амьсгал ордог шүү дээ. Цагаан тагтаа энд үлдэхгүй шүү. 
 
Уг нь танайх хамгийн сайн тоймчтой, тэр хэрээр нэр хүндтэй сонин. Гацууртын орд, Баярцогт гэдэг хоёр үндэслэлээр Сэлэнгэд дэвших нь гэсэн гаргалгаа хийж болдог юм уу? Тэгвэл бас "Уянга Ерөнхийлөгчтөй үзэлцээд байна, Ерөнхийлөгчид нэр дэвших нь" гэж дүгнэж болох уу? Миний нас  хүрэхгүй л дээ. 
 
Монголд Хүннүгийн хоригтой зургаан газар бий, алийг нь ч хамгаалах ёстой. Хэрэв төр, төрийн төлөөлөгч хамгаалдаггүй юм бол наадмаар Хүн гүрэн байгуулагдсаны ойг тэмдэглэж байна гэж сүржигнэхээ больчих хэрэгтэй. 330хан га газрыг нинжа нараас хамгаалж чадахгүй юм бол 1,5 сая км.кв нутгаа яаж хамгаалах гэж байгаа төр вэ, энэ чинь? Манай төр хоёр нүүртэй, дотоод тендерт орсон хэдэн компанийнхаа мөнгийг нь өгөхгүй дампууруулдаг хирнээ Бороогийн орд дээр хар тамга даруулсан компанийг хамаг хүчээрээ дэмжиж байна. Энэ чинь Ерөнхийлөгчийн Жастин Каплаг өршөөсөнтэй адил үйлдэл. Ичмээр. Гацууртаас Монголд олигтой юм наалдахгүй, би үүнийг харж байгаа юм шиг л бардам хэлж чадна. 
 
Миний хувьд 2016 оны сонгуулийг гол зорилгоо болгож ажиллаагүй, нийгмийн суурь өөрчлөлт, Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө миний бүх улстөрийн үйл ажиллагаа чиглэгдэж байсан, одоо ч тэр. ҮХ-ийн өөрчлөлт нэгэнт маш бодтой болж эхэлсэн. Сонгууль түүнтэй л уялдах байх. 2016 оноос наана ч сонгууль болж магадгүй шүү дээ. 
Тойргийн тухайд Чингэлтэйгээ солих бодол алга. Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнээс үүдээд сонгуулийн хууль хэрхэн гарах, ямар субъектээс нэр дэвшихээс хамаарч сонгуулийн тактик өөрчлөгдөж болно. Энэ тухай ярихад арай эрт байна. 
 
-Тавантолгойн асуудал хоёр сараар хойшилсон тухай МАН-ын дарга ярьсан. Популист гишүүдээс болоод асуудал хойшлоод байгаа юм шиг ойлголт төрөх боллоо. Тэр популист гишүүдийн нэгээр таныг нэрлээд байгаа. Та популист улс төрч үү?
 
-Тавантолгойн хямрал өөрөө популизмын үр дүн. Оютолгойн харамсавч, халаглавч дуусашгүй нөхцөл байдал мөн л популизмын үр дүн. Наад үг чинь 2,5 жил их хуралд байгаа надад биш, 25 жил төр барьсан намуудад, популистуудад хамаатай үг. Манай нийгмийн хямрал, өнөөгийн байгаа байдал, ядуурал өөрөө 25 жилийн популизмын үр дүн. МАН АН-ын популизмийн уралдаан, манай хамгийн супер популист Ерөнхийлөгчийнхөө суут популизмын үр дүнг бид бүгдээрээ амсаж байна даа, одоо. Өнгөрсөн 25 жил монголчуудад чалчих эрх чөлөө өгснөөс цадах эрх өгсөнгүй. Иргэн болгондоо нэг сая төгрөг бэлнээр өгнө, тэгвэл би 1,5 саяыг өгч чадна гэж амладаг хоёр том популист намтай, "Миний ард түмээн" гээд л ард түмнээ хошгируулна гэж улаан цайм хэлдэг популист ерөнхийлөгчтэй, Монголыг дэлхийтэй шилэн кабелиар холбоод, тэндээсээ мөнгө унагаад талхны үнийг хямдруулаад...гэж ярьдаг топ популист ерөнхий сайдтай улс шүү дээ,бид. 
 
Энэ популизмын эсрэг маш идэвхтэй тэмцэж байгаа хүний нэг бол би гэж нэрэлхэлгүй өөрийгөө хэлмээр байна. Хоёр намаас амлалтыг нь нэхэхээр хүмүүс популизм хийж байна л гэсэн. Энэ бол популизмын эсрэг хөдөлгөөн байсан юм. Ингэснээр улстөрийн намууд бэлэн мөнгө амлахаа больсон, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж улстөрийн намуудын амлалтад аудит хийдэг болсон, Монгол орны эдийн засгийн бодат боломжоос давсан амлалттай намуудыг сонгуульд орохыг хуулиар хориглодог болсон. Манай холбоо Монголын улстөрд их том дэвшил авчирч, популистуудад том цохилт өгсөн юм шүү. 
 
Уул уурхайгаасаа монголчууд үр ашгийг нь хүртдэг баймаар байна гэхээр популист гэх юм. Үндсэн хуулийн 6.1-д "Монгол Улсад ой ус, ан амьтан, ургамал, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн. Хэрэв үүнийг хэрэгжүүлэхийн төлөө хэлсэн хүн популист бол энэ Үндсэн хууль өөрөө популист гэсэн үг.  
 
Популизмыг дэврээдэг нийгмийн бүтэц ч бас бий. Одоо бол аливаа асуудал Их хурлын чуулганы танхимд биш твиттер, фэйсбүүкээр ч шийдэгдэж мэднэ. 3хан сая хүнтэй, сая гаруйхан сонгогчтой Монголд 1000 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Эрүүл биш байгаа биз. Энэ бүхэн чинь 25 жилийн популизмийн үр дүн шүү дээ. Нийгэм өөрөө популист болчихсон. Одоо энэ чөтгөрийн тойргоос гаргах үүрэг л жинхэнэ улстөрчийн ажил. Энэ бол тогтолцоогоо бүхэлд нь эргэн харах шаардлагатай гэсэн үг. Би үүний төлөө байгаа. 
 
-Эдийн засгийн өршөөлийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хувийн хэвшлийнхэнд хэр дэм өгөх юм бол. Хүмүүсийн байр суурь хоёр хуваагдаад байгаа бололтой?
 
-Хувийн хэвшлийнхнээ ялгах хэрэгтэй. Зүв зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд, татвараа төлөөд өрөнд орчихсон эгэл жирийн бизнесмэнүүд бий. Бирд шиг аашилсаар түүнийхээ төлөөсийг үгүй хийх гэсэн хэсэг бас бий. Харин эдийн засгийн өршөөлийг эрүүгийн өршөөлийн хуультай барьцалдуулах нь үнэхээр хүн чанаргүй хэрэг. Шударга ёс эвслийн санаачилсан эрүүгийн өршөөлийг ингэж барьцаалаад байгаа юм. 
 
-Хаврын чуулганаар Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Таны хувьд уг хууль хараат бусаар батлагдах боломж байгаа гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?
 
-Үндсэн хуулиа эхлээд ярих нь дарааллын хувьд зөв гэж бодож байгаа. Иргэдийн ярих нь, сонгуулийн хуулийн пропорционалаар сонгогддогийг жадлан эсэргүүцэж байна. Улстөрийн намуудын хуулийн тухайд намыг гишүүнчлэлгүй байлгах ёстой гэж бүгдээрээ хэлэлцэн тохирсон мэт хэлж байна. Би энэ саналыг нь УИХ-д хамгаална. 
 
-Танд баярлалаа
 
Э.Энхболд
 
 
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"
 
 
УИХ-ын гишүүн Г.Уянгын албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв