sonin.mn

Чонон сүлд киног үзлээ. Дотор өмрөөд сонин болчих юм. Уур ч хүрэх шиг. Байчхаад уйлчихмаар ч юм шиг. Хөндлөнгийн хүнд бол би ийм зохиол бичиж чадахгүй дээ атаархаад үхэх гэж байгаа нэгэн болж харагдана. Уг кино Монголчуудын тухай мэт боловч хачир дээрээ Хятад хүний жинхэнэ мөн чанарыг магтан дуулжээ. (Тэдний мөн чанарыг Монголчууд л маш сайн мэднэ)"Хятад үндэстэнд дийлдэхгүй зүйл (улс орон) гэж энэ орчлон ертөнцөд ч битгий хэл Тэнгэрт ч байхгүй шүү" гэсэн санаа тодорхой харагдана. Мэдээж наанаа энэ санаагаа "өгөөмөр сайхан сэтгэл"-ээр нууна. Яг л хоёр хүүхэд муудалцахад өөрийн хүүхдээ өмөөрөхдөө өөрийнхөө хүүг барьж аваад зодчихдог ээж шиг гэх үү дээ. Зохиол нь Монгол хүний тухай, тэд байгальтайгаа тэр тусмаа чонотой жирийн бус харилцаатай ард түмэн гэж харуулах гэж байгаа мэтээр явна.
Киноны ур хийц, жүжигчдийн жүжиглэлт, найруулагчийн ажил, хөгжим, дуу чимээ, тоглож буй чоно энэ тэр бол мундаг. Монгол жүжигчдээс маань энэ кинонд багтаж чадсан гээд сайн юм их бий.
Кинонд (зохиолд) симбол буюу бэлгэдэл гэж тун чухал юм бий. Бэлгэдэл нь дорно дахины урлагт түлхүү илэрдэг.
 
Киноны явцад дахь симболууд буюу бэлгэдлүүд:
 
1."Соёлын хувьсгал" гэдэг үгийг маш тодоор хэлээд соёлын хувьсгалын хамгийн хүчтэй зэвсэг болох радиогоор нэгэн өвөрлөгчийг хахуульдан чонын хоолны нөөцийг хамснаар кино өрнөнө.
2.Газар орон нутгийг сүйтгэнэ. (Нуурын эрэг хавийг эзэмшиж байгаа Хятад ногоочид)
3.Хятад хэл бичгийг заахыгаа мэдэгдэнэ. (Бээжингийн хоёр оюутан Өвөр монголд анх хөл тавиад л хэлдэг үг)
4.Эмс охидыг нь өөрийн болгож байгаагаа харуулна (хонины бэлчээр дээр бэлгийн харьцаанд орж буйгаар)
5.Аль сортоотой эрчүүлийг устгаж байгаа үзүүлнэ (Билгэ өвгөний хүү чонондоо хөөгдөн мориноос унаж осгож үхэж буйгаар)
6.Өв уламжлал, ёс заншлыг үндсээр нь угаар нь тасдана. (Билгэ өвгөн дэлбэрч үхсэнээр)
7.Бэлэвсэн үлдсэн эмс нь Хятад хүнтэй сууна. Цусыг хятаджуулна. (Бүсгүй "Бээжин залуу минь" гээд хоёр гардан үнсэж буйгаар)
8.Эх орон, өв соёл, үндэс угсаагаа гэж эсэргүүцсэн болгоныг хүйс тэмтэрнэ. (Үүнийг чоноор төлөөлүүлж орвонгоор нь устгаснаар)
9.Хамгийн зоригтон ч бай, тэмцэгч хэн ч бай бидний өмнө өвдөг сөхрөн унана. (Халзан чоно хамгийн эцэст багтарч үхнэ)
10.Хэрвээ хэрэгтэй гэвэл тэр баатруудыг чинь бид тэжээнэ. (Гарын тэжээвэр чоно, Баяраа хүү хоёроор) 11.Шүтэх шүтээн чинь үүл төдий л юм болж үлдэнэ. (хамгийн сүүлд тэнгэрт үүсэх чонон хэлбэртэй үүлээр) гэх мэтээр харуулжээ.
 
Энэ бүгдийг киноны явцад хүчтэйгээр үзүүлэхгүй. Гэхдээ үзүүлэхгүйгээр өнгөрөөхгүй. Угаасаа "Чонон сүлд" роман нь өөрөө ийм л дээ. Кино хийсэн хүмүүсийн буруу биш. Захиалж хийлгэж байгаа даа л гол нь. Уг кино нь "Өдөр, өдрөөр хүчирхэгжин тэлж байгаа манай Хятад гүрэн (эдийн засаг, улс төр, зэр зэвсгийн хувьд) ирээдүйд дэлхийг ч гэсэн ингэсхийгээд эзэлж дөнгөнө өө" гэсэн ерөнхий симбол, бэлгэдэлтэй. Жич: Хятад гаралтай хоёр ч хүн Америкийн конгрессын доод танхимд суудалтай болж чадсан гэж дуулсан. Манай хөдөөгүүр олон малтай Хятад хүний нэр ч мэр сэр сонсогддог. Оросын өвөр байгаль, сибирээр орос авгайтай Хятадууд зөндөө гэж уншиж байв. Энэ нь үзэгч миний л сэтгэгдэл учраас "улс төр, үндэс угсаа” энэ тэр гэж коментоор маргалдахыг хүсэхгүй байгаа шүү.
 
Зохиолч Т.Бум-Эрдэнэ