sonin.mn
 
Нийтийн тээврийн “Эрдэнэ транс” компанийн мөнгө хураагч Н.Одончимэг, Ч.Дэлгэрмаа нар хэвлэлийнхэнд хандлаа.
Тэдний мэдээлж буйгаар тус компани жолооч, кондукторууддаа сэтгэлзүйн болон эдийн засгийн дарамт үзүүлж эрхийг нь зөрчиж байгаа гэнэ. Тус компани 400 гаруй ажилтантай бөгөөд жолооч 400 мянга, мөнгө хураагч нар 300 мянган төгрөгийн үндсэн цалинтай байдаг аж. Гэвч үндсэн цалингаа бүтэн өгөхгүй шугам орлогын өр, техник саатлын акт зэрэг өр гаргадаг байна. Өртэй гэсэн шалтгаанаар цалинг нь хасч,  жолооч, мөнгө хураагч нарт ээлжийн амралт, өвдсөн тохиолдолд листний мөнгө өгдөггүй аж. Тэднийг энэ сарын эхээр ажилчдыг турхирсан гэх шалтгаанаар ажлаас нь халжээ.
 
Тэд хэлэхдээ, “Нийтийн тээврийн компаниуд сард нэг төлөвлөгөөтэй бол тус компани 2-3 төлөвлөгөөтэй. Ингэж орлогын өндөр төлөвлөгөө өгч, хийсвэр өрөнд унагаад байна. Өдөрт 182 мянган төгрөгийн орлого хийх ёстой. Үүнийгээ хийхгүй бол үндсэн цалингаа авахгүй, хийгээгүй төлөвлөгөөний төлөө 150-400 мянган төгрөг суутгуулдаг. Тэгээд үндсэн цалингаасаа нийгмийн даатгал, шугам орлогын өр гээд суутгаад авчихдаг. Өргүй жолооч, кондуктор гэж бараг байхгүй. Автобусанд хүн суугаагүйн төлөө энэ компанид өртэй үлдээд дахин дахин цалингаасаа суутгуулж байгаадаа гомдолтой байна. Тэгээд энэ талаар хэлэхээр ажилчдыг турхирч, захиргааны ажилчдыг хэл амаар дормжиллоо гэсэн. Ажилчид хамтдаа тэмцье, ажилчид дунд хурал хийе гээд гарын үсэг зурсан. Компаний удирдлагууд "энэ хүмүүсийн үгэнд орж хурал хийвэл өөрсдөө хохирно шүү. Ажил хаявал ажлаас чинь хална, нийтийн тээврийн компанийг алдагдалд оруулсан гэж торгуулийн мөнгө авна шүү" гэж дарамталдаг. Ер нь хувийн компаниуд өөрсдийн эрх ашгаа бодоод ажилчдын эрх ашиг, цалин мөнгө, нийгмийн асуудлыг боддоггүй. Цаашид шүүхэд хандах болно” гэв.
 
Ж.Болор
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг