sonin.mn
Засгийн газрын хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг баталжээ.
 
УИХ-ын тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэх болж, 2012 онд БНХАУ-ын Экспорт-Импорт банктай “Зээлийн ерөнхий хэлэлцээр” байгуулжээ. Уг төслийн нэгдүгээр шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай аж. Засгийн газрын хуралдаанаар шаардлагатай хөрөнгийн 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 50 сая ам.долларын санхүүжилтийг ТОСК-иар  дамжуулан Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх болов.
 
“Шинэ яармаг” төслийн нэгдүгээр шат хэрэгжснээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулах юм.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ"