sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг батлав. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын 41 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг баталсан. Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс уг хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон. Өнгөрсөн долоо хоногийн буюу энэ сарын 23-нд болсон Засгийн газрын хуралдаанаар уг хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцуулсан. Энэ үеэр Засгийн газрын гишүүд, яам, агентлагуудын саналыг тусгахыг үүрэг болгосон хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөлгч хэллээ.
 
Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногт яам, агентлагууд нарийвчилсан төлөвлөгөөнд тусгах 592 санал ирүүлсэн. Мөн яам, агентлагууд болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, давхардсан саналуудыг хасах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Уг хэлэлцүүлгийн үр дүнд давхардсан саналыг хасч, 220 саналыг нарийвчилсан төлөвлөгөөнд тусгаж, өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар баталсан. Хөтөлбөрт валютын урсгалыг сайжруулах, ажлын байр бий болгох, хадгалах болон гацаанд орсон томоохон төслүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, алт олборлолтыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудал тусгагдсан.Цаашид хөтөлбөрийн явц, үр дүнгийн тухай мэдээллийг улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Сангийн сайдад үүрэг болгосон” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ"