sonin.mn
 
 
  “Оюу толгой” ХХК нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтаа тэмдэглэлээ. Уг арга хэмжээгөнгөрсөн ням гарагт Оюутолгойн уурхайд зохион байгуулсан байна. Арга хэмжээнд Уул уурхайн сайд Р.Жигжид: Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нар оролцжээ.
Оюу толгой компани нь 2010 оноос хойш төслийн бүтээн байгуулалтад 6.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.3 тэрбум гаруй ам.долларыг  Засгийн газарт татвар, рояалти болон бусад төлбөр, хураамж хэлбэрээр төлжээ.
 
 Ёслолын ажиллагааг Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш нээж хэлэхдээ, “Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргана гэдэг нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Оюу толгойн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” хэмээн онцлов.
 
Өнгөрсөн  онд Оюутолгой компани Монголын ханган нийлүүлэгч компаниудаас 300 сая ам.долларын худалдан авалт хийж, 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг боловсрол, сургалт, тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулсан байна.
 
 Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэхдээ: “Оюу толгой нь Монгол Улсын үндэсний үнэт баялаг билээ. Өнөөдрийн энэхүү амжилт нь Оюу толгойн нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг Монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. Оюу толгой цаашид алхам алхамаар улам бэхжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний бие энэхүү тэмдэглэлт баярын халуун мэндийг Оюу толгойн удирдлагууд болон нийт ажилтан, ажиллагсдад чин сэтгэлээсээ хүргэж байна” гэлээ.
 
 Харин Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Уул уурхайн сайд Р.Жигжид болон Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш нарыг Оюу толгойн уурхайд хүлээн авч байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид энэ түүхэн тэмдэглэлт үеэр өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж, ажилчдынхаа өндөр ур чадварыг харуулах боломж гарлаа. Цаашид илүү үр бүтээлтэй ажиллаж, хөгжин дэвших бат бөх суурь бүрдэж байна” хэмээн ярилаа.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг