sonin.mn
 
 Австралийн цагаачлалын алба “Их-20”-ийн орнуудын удирдагчдын хувийн мэдээллийг санамсаргүйгээр гуравдагч этгээд рүү илгээсэн байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард Австралид болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон дэлхийн улс орнуудын 31 удирдагчийн тухай нарийн мэдээлэл алдагдсан тухай Их Британийн “the Guardian” сонинд бичжээ.
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон нарын мэдээлэл алдагдсан  мэдээллийн дотор байжээ.
 
Австралийн цагаачлалын албаны ажилтан дээрх удирдагчдын паспортын дугаар, төрсөн он, сар, өдөр болон бусад хувийн мэдээллийг Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээний зохион байгуулагчид руу илгээсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард уг тэмцээн Австралид болжээ.
 
Дээрх алдаа нь ажилтны буруугаас үүдэлтэй аж. Учир нь тухайн ажилтан хүлээн авагчийн нэрийг буруу оруулжээ. Цагаачлалын албанаас мэдэгдсэнээр, мэдээллүүд олон нийтийн хуудсанд гараагүй бөгөөд үл мэдэгдэх хүлээн авагч цахим шууданг устгасан байх магадлалтай аж.
 
Цахим шуудантай холбоотой журмыг дахин шалгаж, иймэрхүү зүйл дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан гэж Австралийн Цагаачлал, хил хамгаалалтын газар мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг