sonin.mn
 
 
 
Монголын авто машин, мотоциклын холбоо /МАММХ/-ны ерөнхийлөгчөөр 1997 оноос хойш ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Г.Батхүүг өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.
Мөн тус холбооны удирдах албанд үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүнийг МҮОХ-ны шагнал гардууллаа. МҮОХ-ны нэрэмжит шагнал олгох шийдвэрийг тус хорооны удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МАММХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Энхбат, С.Нацагдорж нарыг “Олимпийн алдар” одонгоор, С.Лхагвасүрэнг “Олимпийн алтан медаль”-аар, Монгол Улсын заан, ОУХМ Ч.Гочоосүрэнг “Алтан очир” одонгоор тус тус шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардууллаа.
 
Энэ үеэр МҮОХ-ны “Алтан Од” шагнал хүртсэн УИХ-ын гишүүн Г.Батхүү: “Монгол Улсад автомашин, мотоцикл хөгжсөн түүхэн урт хугацаа Монголчуудын хувьд эр зориг, техникийн спортыг хөгжүүлэхэд ололт, амжилтыг хуримтлуулсан он жилүүд байв. Мотоциклийн спорт хөгжөөд 50 жил болжээ. Энэ хугацаанд Монголчууд тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Манай улс Ази тивийн АШТ-ийг улсдаа хоёр удаа зохион байгуулсан. Цаашид мотоциклийн ДАШТ-ийг Монголд зохион байгуулахаар ажиллаж байна. Мотоцикль гэдэг бидний хувьд хөдөөгийн малчид, бүр бүсгүйчүүд ахуй хэрэгцээндээ хэрэглэдэг.  Мотоспорт бол манай улсад хөгжиж байгаа спорт юм. Эр зоригийн энэ спортоор хичээллэдэг үе үеийн тамирчдадаа мотоциклын спорт хөгжсөний 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголчууд зөвхөн мориор биш техникээр олон улсад амжилт гаргахын төлөө бид ажиллана. Манай багийнхан өнгөрсөн 50 жилийн талд нь шахуу энэ багаараа ажилласан. Энэ багийнхаа хамт олонд бас баярын мэнд хүргэе ” гэв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг