sonin.mn
 
 
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаатай ярилцлаа.
 
-Таны одоо хашиж буй албан тушаалтай холбоотой асуултаар ярилцлагаа эхэлье. Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа тань дуусаад Сингапураас татагдсан уу, эсвэл өөр шалтгаанаар буцаж ирсэн үү. Яагаад Монгол Улсын Ерөн­хий сайдын ахлах зөвлөхөөр ажиллахаар шийдсэн юм бэ?
 
-Сингапурт Монгол Улсаа төлөөлж Элчин сайдаар ажиллах миний бүрэн эрхийн хугацаа дуусах арай болоогүй байсан л даа. Санаа бол тэндээ хэсэг байя гэж бодсон. Энэ жил Сингапурын 50 жилийн ой. Бас Монгол, Сингапур улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой. Тэр утгаараа наймдугаар сарын 9-нд болох 50 жилийг нь үзчихье гэж бодож байсан л даа. Эдгээр ойн хүрээнд манай Элчин сайдын яамнаас ч олон ажил төлөвлөсөн байв. Гэтэл нэг өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг утасдаад ахлах зөвлөхөөрөө ирэх үү гэсэн. “Ахлах зөвлөх гэдэг улс төрийн зөвлөх. Таны хэрэгцээ байна” гэсэн учраас ирсэн.
 
-Шууд л хүрээд ирсэн үү?
 
-Мэдээж Ерөнхийлөгчтэй уулзсан. Хугацаа болоогүй ч гэсэн намайг эргүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү гээд ирсэн дээ. Тэгээд Засгийн газар байгуулагдсан цагаас нь ажиллаж, сая 100 хоногтой золголоо.
 
-Засгийн газрын 100 хоног, бас хаврын чуулганы нээлт гээд цаг үе нь давхацсан байх. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд хандаж хэлсэн үг эдийн засаг сэргэх нь, бизнесийн орчин сайжрах нь, амьдрал дээшлэх нь гээд олон хүний итгэлийг сэргээх шиг болсон. Гэтэл хаврын чуулганыг нээхдээ УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг энэ бүхнийг баллуурдах шиг боллоо. Та Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдгээс гадна АН-ын лидер эмэгтэй гэдэг утгаар энэ бүхнийг яаж харж байв?
 
-Лидерүүдийн хувьд эмэгтэй, эрэгтэй гэж би ялгах дургүй ээ. Тэр ч утгаараа олон жил эмэг­тэйчүүд УИХ-д квотоор орж ирнэ гэдгийг нэг их дэмждэггүй явсан. Намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа ч тийм л байсан. Хүн ер нь улс төрд чадлаараа л явах ёстой. Ямар орон зай эзэлж чадсан байна түүгээрээ л өөрийн өнгө аяс, өөрийн дуу хоолойтой байх ёстой гэж үздэг.
 
Чиний асуултад хариулахын өмнө “Үндэс­ний шуудан” сонины уншигчдад хандаж энэ ярилц­лагыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдэг утгаар өгөөгүй гэдгээ хэлье. Яагаад гэвэл, энэ 100 гаруй хоногт би ямар нэгэн ярилцлага хаана ч өгөөгүй.  Магадгүй тийм учраас Ерөнхий сайд хэлэхгүй үгээ зөвлөхөөрөө хэлүүлж байна гэж ойлгочих вий. Ер нь бол хувь улстөрчийнхөө хувьд би энэ албан тушаалаар амаа үдүүлсэн л дээ. Гэхдээ танай сонинд хувь улстөрчийнхөө хувьд ярилцлага өгье. Хоёрт, Монгол Улсын үндэсний эрх ашиг, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө би үгээ хэлэх үүрэгтэй гэж бодсон учраас өгч байна.
 
-Тэгвэл та улстөрчийнхөө хувьд миний асуултад хариулахгүй юу?
 
-Өнгөрсөн 100 хоногт “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гурван удаа давтан хэлсэн шиг макро эдийн засаг руу Засгийн газар бүх ажлаа чиглүүлсэн. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ард түмний нуруунд ямар ачаа болж очих вэ. Нөгөө талдаа эдийн засгийг авч яваа хувийн хэвшилд ямар дарамт учирч болох вэ, түүнээс яаж сэргийлэх вэ гэж анхаарч ажилласан. Гарах үр дагвараа үргэлж бодох ёстой. Хөрөнгө оруулалт татах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох, төсвийн алдагдал, өрийн тааз гээд олон юмыг анхаарч байгаа. Гацаанд орчихоод байгаа том төслүүд байна. Энэ бүхэнд гарц хайж, гарцыг нь олж, зөв авч явах ёстой гэдэг утгаар Ерөнхий сайд олон нийтэд хандаж хэлэх үгэн дээрээ өөрөө нэлээд сайн суусан. Яагаад гэвэл өөрийнх нь хэлэх үг нийгэмд ямар цуурай, дохио өгөх вэ, ямар үр дагавар авчрах вэ гэдэг утгаар Ерөнхий сайд их бодож, боловсруулсан үг л дээ. Тэгээд олон жил яригдсан Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүд ер нь бол хөдөлсөн гэж ард түмэндээ хандаж хэлсэн.
 
-Гэтэл маргааш нь УИХ-ын дарга огт эсрэг юм болгочихсон?
 
-Харамсалтай нь тийм. Хаврын чуулганыг нээхдээ илэрхийлсэн УИХ-ын дарга З.Энхболдын байр суурийг би үнэхээр цочирдож, гайхаж хүлээж авсан. Ямар нэгэн бүлэглэлийн, эсвэл улстөрчдийн, магадгүй хувь улстөрчийн байр суурийг төрийн эрх барих дээд байгууллагын өмнөөс тэгж илэрхийлэх ёсгүй. Үндсэндээ УИХ-ын бүх гишүүний өмнөөс хуралдаан даргалж буй хүний хувьд тийм байр суурь илэрхийлэх нь дэндүү хувь хүний амбиц гэж ойлгогдож байна. Би энийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад үүссэн нөхцөл байдалтай холбож харж байлаа.
 
-Ямар нөхцөл байдал?
 
-Эхлээд би чамд 1996 оноос өмнөх түүх ярьж өгье. Манай АН-д олон жил явсан маргаантай нэг асуудал бол хэн Ерөнхий сайд байх тухай байсан юм. Тэгээд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд, ялагдах юм бол УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга болно гэсэн. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдгийг Үндсэн хуульд оруулж чадаагүй ч бүлгийн гэдэг утгаараа ялагдсан намын дарга УИХ-ын нэг дэд дарга болох санааг бол Үндсэн хуулийн нэмэлтээр оруулсан. Анх боловсруулсан Үндсэн хуулиар бол УИХ нэг л дэд даргатай байсан шүү дээ.
 
Энэ түүхийг ярьсан нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцруулах үетэй их холбоотой. Хэдий тэр үед би Сингапурт байсан ч улс төр судлаачийнхаа хувьд бүх үйл явдлыг ажиглаж байлаа. Уг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон л бол автоматаар намын дарга болох ёстой юм. Гэтэл намын дарга нь З.Энхболд болчихсон. Яахав хувь улстөрч З.Энхболд намын дарга болсон бол хамаа алга. Гэтэл энэ хүн УИХ-ын дарга. Эндээс л бүх юм эхэлсэн.
 
УИХ-ын дарга гэдэг хүн УИХ дотор хэдэн намын бүлэг байна, тэднийг зохицуулж байх үндсэн үүрэгтэй. Одоо манай УИХ-д АН, МАН, “Шударга ёс” эвслийн гээд гурван бүлэг байна шүү дээ. Энэ бүлгүүд УИХ-аар орж буй хуулийн төслүүдийг хамгийн түрүүнд хэлэлцдэг. УИХ-ын хуралдааны менежментээс ч харж болно. Даваа гаригт намын бүлгүүд, мягмар, лхагва гаригт Байнгын хороод, пүрэв, баасан гаригт нэгдсэн чуулган хуралддаг. Яагаад гэвэл, тэр бодлого дэмжигдэх үү, үгүй юү гэдэг хамгийн гол шийдвэр эхлээд намын бүлгүүд дээр гардаг. УИХ-ын дарга хүн бол бүлгүүд хоорондоо үл ойлголцох үед нэг ширээний ард суулгаж ойлголцуулах үндсэн үүрэгтэй. Бараг л Ерөнхийлөгч шиг нам бус баймаар хүн. Тэгж байж нэг асуудлаар үхрийн эвэр шиг хэдэн тийшээ болчихсон бүлгүүдийг “УИХ-ыг гацаахгүйн тулд энэ дээр улс төрийн шийдвэрээ гарга” гэж ойлголцуулж байх ёстой хүн. Гэтэл өнөөдрийнх шиг нэг намын дарга нь УИХ-ыг даргалаад сууж байна гэдэг нь өөрөө парламентат ёсонд байдаггүй л зүйл. Тийм учраас хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсний дараа би хувьдаа Үндсэн хуулийн асуудлаар дуугарах цаг болжээ гэж харсан. Харамсалтай нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулахдаа дан УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн байна лээ. Уг нь Үндсэн хууль дээр суух гэж байгаа бол, Монголын хөрсөнд ургах модыг өөрсдөө суулгах гэж байгаа бол ажлын хэсгийн хүрээгээ тэлмээр байна. Монгол Улсад дараагийн хөгжлийг тодорхойлох Үндсэн хууль хэрэгтэй л бол хэдхэн гишүүнээр хязгаарламааргүй байгаа юм.
 
-Үндсэн хуультай холбоотой сэдвийг түр хойшлуулъя. Тавантолгойтой холбогдуулж асуухад эдийн засаг бол энэ ордыг хөдөлгөхийг шаардаж байна. Ийм үед Ерөнхий сайдад эрх мэдэл дутна гэж байх уу. Уг нь парламентад суудалтай намууд бүгд засагт орчихлоо. Ерөнхийлөгч нь, УИХ-ын дарга нь, Ерөнхий сайд нь бүгд АН-ынхан. Ийм байхад засгийн бодлого үргэлж “ногоон” гэрлээр явахгүй юм гэхэд “улаан” асаад таг зогсоно гэж байх уу?
 
-Хаврын чуулганы нээлт дээр хэлсэн УИХ-ын даргын байр суурьтай холбогдуулж би дахиад хэлье л дээ. Тэр хүн нэгдүгээрт УИХ-ын дарга ч бас АН-ын дарга. АН-ын даргын хувиар үнэхээр Тавантолгойн гэрээнд эргэлзэж, Засгийн газраас өөр байр суурьтай байгаа бол хаврын чуулганаа сайхан эрхэмсэг л нээчих байсан юм. Харин чуулган даргалж буй сандлаасаа буугаад намын бүлэг дээрээ ороод “Сайханбилэг ээ, Ерөнхий сайд аа, яагаад Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх ёстой байтал ингэв ээ” гээд толгой хагаравч малгайдаа, гар хугаравч ханцуйдаа гэдэг зарчмаар дуугарсангүй вэ. АН-ын хувь заяаг бодож, байгуулсан засгаа бодсон бол АН-ын дарга хүн тэгж л дуугарах байсан. Одоо бүгд л сонгуулиар амьсгалж эхэлж байна шүү дээ. 2016 он дөхсөн энэ үед намынхаа нэр хүндийг бодож, бодлогын хувьд энийгээ бүлэг дээрээ яагаад яриагүй юм бэ.
 
Шувуу нэгэнт нисчихсэн байсан шүү дээ. Улс орон даяар олон нийтэд хандаж Ерөнхий сайд үг хэлчихсэн. Тавантолгойг хөдөлгөх гэж байсан хоёр том компанийн төлөөлөл ирчихсэн байхад УИХ-ын дарга тэгж хэлсэн нь таны түрүүнд хэлдгээр үнэхээр баллуурдсан даа. Гэтэл үнэхээр тэр нь АН-ын байр суурь байсан ч юм уу. Бүлэг дээрээ энэ тухай ярьсан уу. УИХ-ын дарга хүн ийм үг хэлэх эрхтэй юү.
 
-Хувь  улстөрчийнхөө бодлыг хэлсэн юм байлгүй дээ?
 
-Би сүүлийн үед Монголын топ улстөрчдийг ажиглаад байгаа. Топ гэдэг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, тэгээд Засгийн газрын гишүүд. Энэ хүмүүсийн хэвлэл мэдээллээр хэлж байгаа зүйлсийг харж байгаа л даа. Сая Эдийн засгийн форумын хоёр дахь өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. “Алдаа гаргаж болно ш дээ. Бүгдээрээ хэлэлцвэл алдаагаа засч болно ш дээ” гэж ярьсан. Гэтэл алдаа гаргах ёсгүй албан тушаал гэж байдаг юм. Жишээ нь, Ерөнхийлөгч, эсхүл УИХ-ын дарга, эсхүл Ерөнхий сайд. Эдгээр топ улстөрчдийн гаргасан алдаа улс үндэстэнд хор уршиг учруулж байдаг. Тийм учраас УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байгаа хүмүүс хувь улстөрч байхаа больчихдог юм. Тэд бол өөрсдөө институц болчихдог. Тийм учраас энэ хүмүүс хэлж байгаа үгийнхээ үр дагварыг сайн тооцоолж байх ёстой.
 
-З.Энхболд УИХ-ыг төлөөлж ярих эрхгүй гэдгийг та сая хэллээ. Тэгвэл энэ асуудал АН-ын фракцуудын зөрчлөөс болж гарч ирээд байна уу, эсвэл бизнесийн бүлэглэлүүдээс болж байна уу. Би хувьдаа хоёр дахийг нь гэж хараад байна. АН сая 25 жилийн ойн баярын хурлаараа фракцгүй нам болж буйгаа зарлалаа шүү дээ. Та ч тэр хурал дээр байсан байх?
 
-Би тэр хуралд очоогүй. Ажил ихтэй байсан. Намын хувьд энэ АН-ыг үүсгэн байгуулагчид бол талийгаач С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Баабар, Р.Гончигдорж гээд манай нэгдүгээр эгнээнийхэн. Хоёр дахь эшелон гэвэл Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, С.Баярцогт гээд АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан хүмүүс бий. Ялангуяа АН-ын 25 жилийн ойгоор намынхаа өмнө гавьяатай хүмүүс бол АН-ын үнэ цэнт боловсон хүчин, АН-ын үнэт зүйл. Би ерэн хэдэн онд ч ингэж л хэлж байсан. Ардчиллын үзэл санааг тээж явсан хүмүүсийг үргэлж хүндэтгэж, бахархаж явах ёстой гэдэг утгаар тэгэхэд хэлж байлаа.
 
Үнэндээ АН-ын хамгийн том дутагдал гэх үү, өвчин гэх үү засаг барихаараа хоорондоо зөрчилддөг. 1996 онд засаг барьсан, хоорондоо хагарсан, бутарсан. Тэр үеийн МАХН-тай өөрсдөө нийлээд л Ц.Элбэгдоржийн, М.Энхсайханы, Ж.Наранцацралтын Засгийн газрыг унагасан. Тэгээд Р.Амаржаргалын Засгийн газартай 2000 оны сонгуульд орж байлаа шүү дээ. Дахиад 2004 онд Ц.Элбэгдоржийн их эвслийн Засгийн газар байгуулагдсан. Хугацаанаас нь өмнө бас л өөрчилсөн. Сая Н.Алтанхуягийн Засгийн газрыг ч өөрчиллөө. Энэ бүх байдал бол манай намын том дутагдал. Энэ бүх юм фракцуудын хоорондын үл ойлголцол, зөрчил үү гээд аваад үзэхээр бас яг ч тийм биш юм шиг. Илүү сонирхлын зөрчил гэж харагдаж байгаа. Фракцгүй боллоо гэж хэчнээн зарласан ч гэсэн нэг хэсэг бизнесийн эрх ашгаас үүдэж хаврын чуулганы нээлт дээр намын дарга ийм хариуцлагагүй үг хэлж болохгүй л дээ. 
 
-МАН-ын гишүүн Ц.Нямдорж “АН-ын фракцууд ялагдсан үедээ намын, ялсан үедээ төрийн зовлон болж байна” гээд хэлчихсэн байна лээ?
 
-Би санал нэг байна.
 
-АН тэгээд фракцуудаасаа салж чадах уу. Засгийн газраа байгуулахдаа хүртэл фракцууддаа тэнцүү суудал хуваарилдаг шүү дээ. Энэ лидер дагасан хуваагдал амархан арилах уу?
 
-Ер нь бол манай намд фракц гэдэг нь харьцангуй ойлголт. АН өөрийнхөө түүхийн 25 жилд их олон юм үзсэн. Олон нам нийлж, салж байсан бүтэц, бүрэлдэхүүнтэй улс төрийн институц. Тэгээд нэг хэсэг нь үүсэл гарлаараа фракц болж хуваагдаад байгаа юм. “Алтан гадас” гэхэд л соцдекүүдээс улбаатай. МҮДН гэхэд Да.Ганболдын анх байгуулж байсан Үндэсний дэвшил намаас угшилтай. МоАХ фракц гэхэд л МоАХ-ныхон. 2000 оноос хойш бол арван жил явчихсан нам дээр шинэ залуус, нам бус хүмүүс орж ирээд тухай тухайн үеийнхээ фракцуудын лидерийг дагаад фракцид орсон. Хожим бол бүр сонин юм болсон. ҮЗХ-гоор АН гол асуудлаа шийдэж байгаа учраас 20 хүн нийлээд албан тушаал авахын тулд шантаажийн баг шиг юм бүрдүүлж эхэлсэн. Жишээ нь, ҮЗХ дээр нэг асуудал дээр “Алтан гадас”, МоАХ хоёр хуваагдчихсан, хүчний харьцаа 10 хүний зөрүүтэй гараад ирэхэд нөгөө 20 хүн чинь “дундаас нь хоёр сайд хусчихъя” гээд ороод аль нэг талд нь жин дардаг. Сүүлд бол ийм л “фракцууд” төрсөн.
 
ҮЗХ гэдэг одоо УИХ-ын сонгуулиас долоон дор юм болчихсон. Энэ бол нам доторхи дотоод ардчилалтай ч холбоотой. Гэхдээ энэ нь зөвхөн АН-ын асуудал биш ээ, МАН дотор ч бий. Энэ бол “том” намын зовлон.
 
-Тавантолгой тойрсон мэдэгдэл дээр дахиад нэг тойрч асуухад АН, МАН хамтарч засаг байгуулсан хэрнээ аль, аль намынх нь дарга Ерөнхий сайддаа итгэхгүй байгаа юм биш үү. Тавантолгойтой холбоотой албан бичгийг хоёр Энхболд дарга хамтдаа гарын үсэг зурж, хамтдаа томилсон Ерөнхий сайддаа явуулсан байна лээ?
 
-Наадахь чинь арай өөр чиглэлийн асуудал хөндөөд байгаа юм. Өнөөдөр хоёр намд маш том сорилт гэх үү, зовлон учирчихаад байгаа. Үе солигдох асуудал. Тэр утгаараа нэг, хоёрдугаар үеийнхэн гээд хэсэг хүмүүс байна. 2016 онд хагас нь, 2020 онд бол ойлгомжтой бүгд солигдож таарна. Гэхдээ яг үе солигдоход дараагийн улстөрчдийн үе гарч ирсэн үү гэхэд маш сонин хариулт гарч ирж байгаа юм. Би энэ захиа бичсэн асуудлыг нь Ерөнхий сайдад итгэх, үл итгэхдээ ингэж бичсэн гэж харахгүй байна. 2016 онд хоёр намын хувьд тайзны эхний эгнээнд ямар гоцлол дуучид гарч ирэх вэ гэсэн асуудлыг шийдэх арга зам мөн үү, үгүй юү гээд өөр асуудал юм. Тэгэхээр хоёулаа энэ сэдвийг одоохондоо орхиё. Дахиад 100 хоногийн дараа ярилцъя.
 
-Тэгвэл Үндсэн хуультай холбоотой сэдэв рүүгээ оръё. Та Үндсэн хуулийн ажлын хэсэг явцуу хүрээнд байгуулагдсаныг хэлсэн. Ер нь энэ УИХ-ын бүрэлдэхүүн Үндсэн хуулийг өөрчлөх чадамжтай юу. Зарим хүн олон намын төлөөлөл орсон учраас өөрчлөх ёстой гэдэг бол зарим нь 76 хүн яриад Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэдэг?
 
-Ер нь бол 50 хүн ч Үндсэн хуулийг өөрчилж болно. Америкийг үндэслэгчид хоёр, гуравхан хүн төслөө боловсруулаад 50 хүрэхгүй хүн сууж байгаад Үндсэн хуулиа баталсан түүхтэй. 200 гаруй жилийн түүхтэй Үндсэн хууль ингэж л төрсөн. Ингэхдээ институцийн харилцан тэнцэлтэй, хяналттай байх механизмыг зохиож чадсан нь мөнхийн гавьяа болсон. Тэр утгаараа өнөөдөр маш хүчирхэг Конгресс буюу хууль тогтоох байгууллагатай. Маш хүчирхэг Ерөнхийлөгчийн институцтэй. Ерөнхийлөгч нь өөрөө гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Маш хүчирхэг шүүх засаглалтай. Энэ гурав нь бүгдээрээ хүчирхэг хэрнээ харилцан тэнцэлтэй. Нэг нь нөгөөгөөсөө хэзээ ч илүү гардаггүй. Гэтэл манай Үндсэн хуульд харамсалтай нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж зааснаас үүдээд парламент нь өнөөдөр сэтгүүлчдийн байгууллагын удирдлагыг хүртэл томилж байна. /МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл/. Ер нь УИХ-ын томилдоггүй байгууллага гэж үгүй боллоо. УИХ гэдэг үнэндээ 76 дарангуйлагч болчихсон. Гишүүд нь хувь улстөрчид гэдэг утгаар хувь сонирхлоо илэрхийлж бүхий л юманд оролцож байна. Энийг зогсоохын тулд бие биеэ хянадаг механизмыг л бий болгох хэрэгтэй.
 
-Ямар механизм...?
 
-Манай УИХ дэндүү бага оврынх байна. УИХ яаж менежментээ явуулж байгааг би дээр хэлсэн дээ. Хамгийн гол улс төрийн шийдвэр намын бүлэг дээр гардаг гэж. Тэгэхээр намын бүлэг манайх энэ хуулийн төсөл дээр ийм “бодлого”-той гээд дэмжчихлээ гэж бодъё. Харин яг нарийн зүйл нь Байнгын хороон дээр шийдэгддэг. Өөрөөр хэлбэл, намын бүлэг гуляш хийх үү, бууз хийх үү гээд шийдэж байгаа юм. Харин Байнгын хороон дээр жинхэнэ нарийн мэргэжлийн тогооч үхрийн махаар уу, хонины махаар уу, ямар ногоо хийх вэ, яаж амтлах вэ зэргийг шийддэг. Юу гэхээр, Байнгын хороо илүү мэргэжлийн байх ёстой. Хуулийнх нь амин сүнсийг гаргадаг. Нэгдсэн чуулган бол зүгээр л товчлуур дарах асуудал. Гэтэл бага оврын парламент буюу 76 гишүүнээ тав, зургаан Байнгын хороонд хуваачихаар нэг Байнгын хороонд 11, 12 гишүүн л ногддог. Ингээд 11, 12-ынх нь зургаа, долоо нь хуралдаа сууж, тэднээс дөрөв нь олонхи болж хуулиа дэмждэг. Институцийн хувьд ийм дутуу дулимаг байгаад байгаа юм. Бойжиж өгөхгүй байна. Хэдий бид ардчилсан парламенттай, 25 жилийн түүхтэй гэж ярьдаг боловч Монголд парламентат ёс төлөвшиж өгөхгүй байна.
 
-Таныхаар тэгээд УИХ хэдэн гишүүнтэй бол зүгээр вэ?
 
-УИХ-ыг институцийнх нь хувьд бодоход дор хаяж 120 гишүүнтэй байж УИХ гэдэг утгаараа бэхжиж, чангарна. Түүнээс одоогийнх шиг хувь УИХ-ын гишүүн гэдэг улстөрчид л “төрөөд” байна. Үүнээс нь болж урвалт, шарвалт, санаа оноогоо худалдах, сонирхлын зөрчил, бизнес нь улс төр рүү ордог юм гээд утгаа алдлаа. Яг УИХ өөрөө институцийн хувьд бол хууль тогтоох байгууллага. Дээд биш шүү, хуулиа л тогтоох байгууллага. Харин гүйцэтгэх засаглал нь бүхий л гаргасан хуулийг хэрэгжүүлж байдаг шуурхай, уян хатан байх ёстой. Тэр тусмаа манайх шиг хоёр их гүрний дунд оршдог жижиг үндэстний хувьд гүйцэтгэх засаглал нь их уян хатан байх учиртай. Геополитик, геоэдийн засаг талаасаа ч гэсэн бид энэ хоёр том зах зээлийг ашиглах мөртлөө үндэсний эрх ашгаа хамгаалж ухаалаг бодлого явуулах хэрэгтэй юм. Тэгэхдээ хэлсэндээ, тохирсондоо байх, тэр утгаараа хөгжлийн бодлого тогтвортой байх. Ялангуяа, манайх шиг байгалийн их баялагтай, мега төслүүд нь дандаа 20-30 жил үргэлжлэх улсад нэг засаг гарч ирчихээд өмнөх засгийнхаа бодлогыг үгүйсгээд байвал хэн манайд орж ирэх вэ. Тиймээс төрийн залгамж чанар гэдэг юмыг бодох ёстой. Өмнөх засгаасаа авахыг нь аваад, гээхийг нь гээгээд гол язгуур бодлогоо үргэлжлүүлээд явдаг залгамж чанар манайд үгүйлэгдэж байна. Манайд өнөөдөр хүн болгон л урдахаа үгүйсгэж байна шүү дээ. Уг нь тэр залгамж чанар нь төрийн алтан хайрцагны бодлого байх ёстой. Магадгүй Ерөнхийлөгч тэр бодлогыг тээгч нь байж болох юм.
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь танхимын гишүүдээ өөрөө томилдог болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол дурын гишүүн нь сайд нарыг дууддаг, асуудал шийдэхгүй бол огцруулна гэж айлгадаг байдал бий боллоо гэж байна. Энэ дээр та юу хэлэх вэ?
 
-Аливаа сонгууль гэдэг Дорж, Дулмааг сонгож байгаа зүйл биш. Сонгогчид намыг дугуйлдаг, тэр утгаараа өөрт таалагдсан мөрийн хөтөлбөр бүхий бодлогыг дугуйлдаг. Манай УИХ-ын гишүүд өөрсдийгөө “намын нэрсийн жагсаалт”-ын эхэнд оруулна гэж байгаа юм. Магадгүй насан туршдаа Их хурлын гишүүн болох нь л дээ. Энэ талаар эргээд ярья.
 
Ер нь яагаад дурын гишүүн сайд дуудаж загнадаг, бусад оронд яагаад тэгж дуудаж загнадаггүй вэ гэхээр сонгуультай л холбоотой. АН, МАН нэрээ дэвшүүллээ. Нэрээ дэвшүүлэхэд хэзээ ч сонгогдож чадахгүй гэдэг юм уу, олонд танигдаагүй хүмүүсээ жагсаалтад оруулдаг. Яагаад гэвэл тойрогт очоод уначихна гээд. Харин намын лидер л болж байгаа бол өөрийн тойрогтоо очдог. Сонгогчид нь улаан фэн нь байдаг. “Тэр тойрог руу очих хэрэггүй ээ, АН-ын дарга нь тэнд үзэх гэж байгаа юм билээ” гэж ярьтал нь сонгогчидтойгоо ажиллаж, тэгж итгэлийг нь авч чаддаг байх ёстой. Тэгж байж тэр хүн намын лидер болдог. Түүнээс ҮЗХ-ны, эсвэл Бага хурлынхаа гишүүдийн дунд баахан найраа тохироо хийж гардаг зүйл биш. Одоо сайд нарын тухай ярья. Намын дарга сонгуульд ачааны хүндийг үүрч өөрийнхөө нүүрээр, өөрийнхөө нэрээр, өөрийнхөө харизмаар сонгуульд яллаа. Сонгуульд нэр дэвшсэн үед нь “Энэ нөхөр намын дарга болсон учраас түүний багт энэ нь Сангийн, энэ нь Хууль зүйн, энэ нь Гадаад харилцааны сайд болох юм байна даа” гэсэн ерөнхийдөө 20 хүний нэрс мэдэгдчихсэн байдаг юм. Яагаад гэвэл, хамгийн хүнд тойрогт очиж намынхаа ачааг үүрч яваа хүмүүс мэдэгдчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэд намын лидерүүд. Тэд сонгогдлоо, яллаа, засгаа байгууллаа, сайд боллоо, танхим бүрдлээ. Ард түмний итгэлийг авч маш өндөр саналтай УИХ-д орж ирсэн тэд нарыг дурын гишүүн дуудаж чадахгүй. Мэдээж Ерөнхий сайд нь командаа авч орж ирээд л бүх юмаа УИХ-аар шууд батлуулаад аваад гарна гэж байхгүй. Тэр хүн дөрвөн жил сүүдрийн Засгийн газраараа хянуулж явна.
 
-Сэдэв маань явсаар сонгуулийн хууль руу орчихлоо. Ер нь сонгуулийн хуулиа сонгууль болгоны дараа өөрчлөх нь зөв үү?
 
-Сонгуулиас сонгуулийн хооронд маш олон туршилт хийлээ. Энэ бол угаасаа эрх баригчдын, шийдвэр гаргагчдын араншин. Аль ч парламентад учирдаг л зовлон. Түрүүчийн сонгуулийг харсан чинь ийм, ийм алдаа гарсан учраас ингэж, ингэж өөрчилнө гэдэг юм зөвхөн Монголд ч биш, олон орны парламентад гардаг. Тиймээс өнөөдрийн УИХ өөртөө зориулж хууль хийдгийг л болих хэрэгтэй байна. Мэдээж 2016 онд маш ухаалаг хүмүүс УИХ-д гарч ирчихээд сайхан болгоно гэж байхгүй. Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ л бүх юмаа одоо л янзлах хэрэгтэй. Цаг нь болчихсон. Эс тэгвээс “эрх барих дээд байгууллага” гэдэг бүх юм руу орж байдаг нэг мангастай болчихлоо. Бүх юмыг зааж зааварладаг, УИХ-ын гишүүд нь яамдад очиж хяналт шалгалт хийдэг. Хяналт шалгалт нэрээр дарамталдаг энэ юмнаас гарах хэрэгтэй.
 
-Та судлаач хүнийхээ хувьд сонгуулийн тогтолцоон дээр Монголд ямар хувилбар нь илүү тохиромжтой гэж үздэг вэ. МАН-ынхан жижиг мажоритар руу буцах ёстой. 2012 оны сонгууль явуулсан холимог тогтолцоо Монголд тохирохгүй нь гэж мэдэгдэх боллоо?
 
-Холимог нь илүү тохиромжтой.
 
-Гэхдээ сонгуульдаа пропорциональ элемент оруулснаас болж намын жагсаалтаар “Энэ яагаад ороод ирэв ээ” гэмээр хүмүүс УИХ-д орж ирлээ ш дээ гэсэн шүүмжлэл байна. Та юу хэлэх вэ?
 
-2012 оны сонгуулиар нэг алдаа гаргасан нь “намын нэрсийн жагсаалт” гээд пропорционалын зохисгүй хувилбарыг гаргачихсан. Уг нь намын жагсаалтад орсон хүмүүс сонгогчдын саналыг давхар авах тийм хувилбар илүү зохистой. Энэ нь “тохиолдлын” улстөрчдөөс сэргийлдэг арай шударга хувилбар юм. Жишээ нь, Дорж гэдэг хүн намынхаа жагсаалтад эхний 10-т бичигдлээ гэж бодъё. Гэтэл нөгөө нөхөр үндэсний хэмжээн дэх сонгуулиар 90-д оржээ. Ингэхээр жагсаалтын 10 дугаар байр дээр нэмэх нь 90 дугаар байр гэхээр 100. Үүнийгээ хоёрт хуваахаар Дорж 50-д бичигдэнэ. Нам нь нийт сонгогчдын 50 хувийг авсан гэж бодвол 38 суудал гэсэн үг. 50-д бичигдсэн Дорж УИХ-д орж ирэхгүй.  Тийм  ч учраас намынхаа жагсаалтад яаж ч дээгүүр бичигдсэн сонгогчдоосоо тийм хэмжээний үнэлгээ авч чадахгүй бол тэр хүн сонгогдохгүй. Нөгөө талаас үндэсний хэмжээнд танигдсан улстөрчид сонгогдох илүү магадлалтай.
 
Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах механизм байх ёстой. Энэ эрхийг бүлэгт нь өгөх нь чухал. Жишээ нь, намын нэрээр гарчихаад өөрөө хувь улстөрч гарчихсан юм шиг улс төрд хувийн тоглолт хийж болохгүй.  Тийм хүнд эхлээд сануулга өгнө, дараа нь намын бодлогыг та дэмжихгүй байгаа бол та сонголтоо хий гэж болно. Тэр хүнийг ард түмэн сонгосон ч нам гэдэг нэрд нь 30 хувь, хувь улстөрчид нь 10-15 хувийн л санал өгдөг. Тиймээс нам гэдэг капиталыг ашиглаж сонгогдсон хүний хувьд намынхаа бодлогын эсрэг явбал эгүүлэн татах механизм байх ёстой. Хоёрт, дараагийн сонгуулиар тэр намаас дахин нэр дэвшихгүй байх заалт Улс төрийн намын тухай хуульд байх ёстой л доо. Өөрөөр хэлбэл, бид Үндсэн хуулийг дагалддаг органик хуулиуд буюу Улс төрийн нам, Сонгуулийн хууль, УИХ-ын тухай, Ерөнхийлөгчийн, Засгийн газрын тухай хуулиудаа боловсронгуй болгох хэрэгтэй байна.
 
-Ярилцсанд баярлалаа. Тантай дахиад 100 хоногийн дараа дахин уулзъя.
 
-Тэгье, тэр үед ч ярих сэдэв олон байх биз. Амьдрал баян ш дээ.
 
Ч.Гангэрэл
Эх сурвалж:
"Үндэсний шуудан" сонин