УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ УИХ-ын нэгдсэн чуулган шинэ жил, цагаан сар, үндэсний их баярын өмнө буюу хойно олон нийтийн анхаарал өөр чигт хандуулсныг далимдуулж уул уурхай, ашигт малтмал, төсөв санхүүтэй холбоотой хуулиудыг баталдаг жишиг тогтсон гэж мэдэгдлээ.
Тэрбээр цааш нь, "Улс орны амин чухал эдгээр хуулиудыг ийн боловсруулалт багатай, түүхий дулимаг байдлаар баталж байгаа нь хууль амьдралд хэрэгждэггүй гэх шүүмжлэлийг дагуулдаг. Энэ нь эргээд баталсан хуулиуддаа дахин дахин гар дүрж, нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай болдог. Нөгөөтэйгүүр иргэд сонсогчдын анхаарал суларсан үеийг тааруулж тэдгээр хуулийг баталж байгааг нь гадныхны ашиг сонирхолд нийцүүлсэн үйлдэл байж болох хардлагыг төрүүлж байна" хэмээн ярьсан юм. Д.Тэрбишдагва гишүүн ямар хуулиудыг энэ байдлаар баталсан тухай судалгаа гаргахад УИХ зөвхөн 2006 оноос хойш нийт 197 хуулийг баяр дөхүүлж баталсан байжээ. Тухайлбал, Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа хоёуланг нь шинэ жилийн өмнө баталсан байна. Түүнчлэн 2011 оны 2 дугаар сарын нэгэнд баталсан Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталснаас хойш нийт 57 удаа нэмэлт өөрчлөлт оруулсаныг 12 удаахыг нь шинэ жил, баяр наадмаар давхардуулжээ. Хамгийн сүүлд гэхэд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг олонхиороо түрж хэлэлцэн баталсан ба хэвлэл мэдээллийнхэнд ч энэ талаар мэдэгдэлгүй баталсан. Үүний зэрэгцээ энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр товлоод буй Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль зэрэг олон чухал хуулийг мөн наадмын өмнө батлахаар жагсаажээ. Эдгээр хуулиудыг өмнөх хуулиуд шиг алдаатай батлахгүйн тулд эртхэн хэлэлцэх ёстой гэж тэрбээр хэлэв. Тиймээс уг хуулиудыг нааш нь татаж хэлэлцэх асуудлуудын эхэнд тавих саналыг Д.Тэрбишдагва гишүүн гаргах гэнэ. Мөн тэрбээр ийн хэвлэлийн хурал хийж, уг мэдээллийг цацаж буй нь ямар нэг намын эсрэг хийж буй үйлдэл биш, харин сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах цаг нь болсныг үүгээр харуулахыг зорьсон хэмээн тодотгов.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0