sonin.mn
 
Эдийн засаг хүнд үед бизнесийнхнийг дэмжих нь хямралаас төвөггүй гарах гарц гэдэг. Тиймдээ ч шил даран үргэлжлэх чуулга уулзалтууд эдийн засгийн сэргэлтэд анхаарлаа хандуулж буй. Итгэл өвөрлөн зүтгэж буй үйлдвэрлэгч болон бизнесийнхэнд дэм хайрлах түшээдийн шийдвэр чухал гэдгийг тэд онцолж байгаа билээ. Учир нь өнөөдөр нь өгсөн итгэлээ, маргааш нь үгүй хийдэг нь төрийнхөн хэмээн бизнесийнхэн хэлж байна. Төр төмөр нүүртэй гэдэгсэн. Харин орчин цагт төр хоёр нүүртэй болжээ.
 
 
ИТГЭЛ АЛДСАН НЬ
 
Энэ сарын эхээр Монголын эдийн засгийн чуулган болж өнгөрсөн. Тус уулзалт “Итгэлцэл” уриан дор алсын хараагаа тодорхойлоход чиглэсэн. Энэхүү уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, хойч ирээдүйн төлөө гар, гараасаа барин нэг зүгт хамтдаа алхах тухай хоёр өдрийн турш ярилцсан. Чуулганы үеэр Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам “Гурван сая иргэнийхээ аминд, эд хөрөнгөд, баялаг, оюун санаанд нь халдахгүй байх дархан эрхийг хуульчлах хэрэгтэй” хэмээн хатуухан хэлсэн нь олны талархлыг хүлээсэн юм. Учир нь биесээ хардаж сэрдэх, мөрдөж мөшгих нь хэрээс хэтэрснийг оролцогчид онцолж байсан. Мөн тэрээр алсын хараа гэхээс илүүтэй ойрын хараагаа сайжруул. Тэгэхгүй бол Авлигатай тэмцэх газар гэдэг аймшигтай газар бий боллоо хэмээсэн билээ.
 
Түүнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Өнөө маргаашгүй Тавантолгойн гэрээгээ байгуулаад, ажлыг нь явуулмаар байна. Том төсөлд орох хөрөнгө оруулалт манай улсын аж ахуй нэгжүүдэд очно. Цаг алдмааргүй байна. Оюутолгойд бас нэг дэгээ тавьчихсан. Энэ дэгээгээ бушуухан мултлах” хэрэгтэйг сануулсан. Энэ мэтчилэн ширүүхэн шүүмжлэлээр хоёр өдөр бөмбөгдүүлсэн төрийн түшээд алсын хараагаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хоёр толгой цааш үргэлжлэн ажиллана гэдэг найдварыг бизнесийнхэн болоод ард түмэнд төрүүлсэн. Түүнээс гадна төр хамгийн том худалдан авагч болох тухай ярьцгаасан нь бизнесийнхэнд хонгилын үзүүрт сүүмэлзэх лааны гэрэл бус тодоор гэрэлтэх гэгээ болсон юм. Харамсалтай нь чуулган өндөрлөснөөс хойш хоёр хоногийн дараа УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг олныг сэрдхийлгэн, гэрэлтэж байсан итгэлийг ор мөргүй алга болгочихов. Ийнхүү эдийн засгийн сэргэлт эхний алхамаа хийсэн хэмээн хөөрцөглөж байсан бизнесийнхэн аргаа барж буйг цахим ертөнцөөс төвөггүйхэн харж болох юм.
 
НАЙДВАР ТЭЭСЭН УУЛЗАЛТ
 
Үүний дараахан нүүрсний салбарынхны олон улсын чуулга уулзалт өнгөрөгч долоо хоногт болов. Нүүрсний зах зээлийг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхдээ байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шинэ үеийн технологийг ашиглаж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй гэдгийг оролцогчид хэлж байсан юм. Монголын нүүрсний салбар нэг үеэ бодвол уналттай байгаа. Тиймээс энэ удаагийн уулзалт хөрөнгө оруулалтыг татах, салбарыг сэргээхэд нааштай үр дүн гарна хэмээн зохион байгуулагчид найдаж буйгаа илэрхийлсэн.
 
Энэ үеэр эдийн засаг, бизнесийн орчинд хүлээлт үүсгэж буй мега төслүүд цааш үргэлжлэх нь зүйтэй хэмээн оролцогчид ярьж байлаа. Хэрэв Оюутолгой, Тавантолгойн төслийн яриа хэлэлцээ амжилттай болвол хөрөнгө оруулалт дөтлөх юм. Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн чуулга уулзалтаар зардал бууруулах гарцыг эрэлхийлсэн. Мөн эрчим хүний бодлоготой болох тухай ярилцсан билээ. Эцэст нь манай улс хөрөнгө оруулагчдын анхаарлаас гарч болохгүйг чухалчилсан юм.
 
ҮРГЭЛЖЛЭЛ...
 
Харин өнөөдөр “Жижиг, дунд үйлдвэр­лэгч­дийн үндэсний чуул­ган” болж буй. Энэ уулзалтаар үйлдвэр­лэгчдийг хэрхэн дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг ярилцахаар чуулж байна. Харин энэ хурлаас гарсан шийд­вэрийг хэн нэгэн эрс үгүйс­­гэхгүй гэдгийг хүлээх л үлджээ. Түүний араас “Улаанбаатар хөрөн­гө оруулалт-2015” биз­несийн чуулга уулзалт анх удаагаа болох гэж байна. Тус уулзалтаар нийс­лэлийн эдийн зас­гийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэж буй гэнэ. Түүнчлэн нийслэлийг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилго агуулжээ. Харин энэ удаагийн чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд элдэв тээг учруулахгүй гэдгээ баталж буйгаа хотын захирагч илэрхийлсэн. Тэрээр “Хөрөнгө оруулагчдад улстөрийн эрх мэдэлдээ хөтлөгдсөн хүмүүс саад болж байна. Тиймээс энэ удаагийн хурлын үр дүн төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээ байх болно” гэж байлаа.
 
Ийнхүү чуулга уулзалтууд үргэлжилж байна. Харин гарах үр дүнг үгүйсгэхээр хоосон зарлага болох вий гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд бий. Эдийн засгийн хямрал хүндрэхээс өмнө хурал, чуулганаас гарч буй эерэг шийдвэрийг хөрсөнд буулгах боломж олгохыг төрийнхнөөс хүсч буйгаа бизнес эрхлэгчид илэрхийлсээр байгаа юм.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин