sonin.mn
 
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д нийслэлийн хэмжээнд ойролцоогоор 6000 гаруй хүн сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн бүртгэлтэй байдаг.
Тэдний 3000 гаруй нь оюуны хомсдолтой хүмүүс байсныг 2014 онд дүүргүүдэд нь шилжүүлсэн байна. Үлдсэн 3000 гаруй хүн СЭМҮТ-ийн эмнэлгийн хяналтад эмчлүүлээд явж байгаа. Манай эмнэлэг 500 ортой учир 500 хүн хэвтэж байгаа. Харин цаана нь 2500 гаруй нь гэр бүлд, нийгэмтэйгээ харьцаад аж төрж байна. Тэдний хувьд амбулаторийн эмчийн хяналтад эмээ уугаад, ар гэрийнхэн нь асран халамжилдаг.
 
“Хаврын улиралд сэтгэцийн өвчтэй хүмүүс өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвар маш сулардаг үе. Энэ үед янз бүрийн гэмт хэрэгт холбогдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ сэтгэцийн өвчтэй хүн бүр гэмт хэрэгт холбогдохоор хэрэг хариуцах чадваргүй гэж иргэд ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Ухамсарт ухааны баларталттай, аль эсвэл маш хурц, өөрийгөө хянах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн байх юм бол хэрэг хариуцах чадваргүйд тооцогддог. Харин өөрийнхөө хийсэн хэргийг ухамсарлаж байгаа үедээ хэрэг хийсэн бол тухайн хүн хичнээн сэтгэцийн өвчтэй байсан ч хэрэг хариуцах чадвартай байдаг хэмээн СЭМҮТ-ийн зөвлөх эмч, дөрөвдүгээр клиникийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч Н.Отгон онцолж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг